Олон жилийн турш La Pascualita-гийн түүх нь дэлгүүрээр үйлчлүүлэгчид болон олон нийтийн мэдээллийн хэрэгсүүдийн анхаарлыг татсаар иржээ. Өнөөдөр энэхүү дэлгүүрт Өмнөд Америк, АНУ болон Европын жуулчид шилэн хоргоны цаана даашинз өмсөн зогсох бүсгүйн цогцосыг харахын тулд дэлгүүрээр орж гарах нь олширсон байна. Дэлгүүрт орсон хүмүүс шилэн хоргоны цаана зогсох La Pascualita манекенийг нүдээ чилтэл ширтэж, жинхэнэ хүний цогцос эсэхийг нь олж мэдэхийг хичээцгээдэг байна. Хүмүүс La Pascualita-гийн гүнзгий гуниг тээсэн харц, биеийнх нь зарим нэг хэсгүүд болон нүүр царайг нь хараад, үнэхээр хэзээ нэгэн цагт амьдарч байсан хүний цогцос гэдэгт нь бүрэн итгэлтэйгээр буцацгаадаг ажээ.
Энэ манекений талаар итгэхийн аргагүй түүхүүд үлгэр домогт мэт яригддаг боловч нэгийг нь ч баталгаажуулсан удаагүй. Тодорхой баримт сэлт ч үгүй ажээ. Зарим хүмүүс уг дэлгүүр дотор шөнө бүр францын нэгэн шидтэн нисч ирээд, даашинз өмссөн бүсгүйн хүүрийг амь оруулж, хотоос авч яваад, үүр цайхаас өмнө эргүүлэн авч ирдэг гэсэн домог яриа хүүрнэж байв.
Манекений нүд нь эргэлдэж, дэлгүүр доторхийг бүхэлд нь ажигладаг гэж зарим хүмүүс үздэг. Шөнийн цагаар тэрээр цонхны дэргэдэх байрлалаа байн байн өөрчилдөг гэх ч яриа бий. Эдгээр түүхүүд бүгд аймшигтай сонсогдож байгаа нь мэдээж. Pascualita-г өдөр бүр харж, долоо хоногт хоёр удаа хувцасыг нь сольдог дэлгүүрийн ажилчдад бүүр ч аймшигтай байдаг биз ээ. Тэд хувцасыг нь солих ажлаа хаалттай хөшигний цаана, хэнд ч харагдахгүйгээр хийдэг байна. Уг дэлгүүрийн ажилтан Sonia Burciaga хэлэхдээ: “Pascualita-гийн дэргэдүүр өнгөрөх бүрт нуруугаар хүйт дааж, хүйтэн хөлс цутгадаг. Түүний гар нь үнэхээр олон жил хадгалагдсан шарил болохыг нь илтгэж байдаг. Түүний хөлийн судаснууд нь өргөсч бүдүүрсэн болох нь даашинзны доороос харагддаг. Би түүнийг жинхэнэ хүн гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.”-гэжээ. Pascualita үнэхээр 75 жил хадгалагдсан цогцос юм болов уу?
Орон нутгийн хүмүүс бүгд La Pacualita-г удаан хадгалангдсан цогцос гэдэгт итгэлтэй байхад, интернетээр үүнийг байж боломгүй зүйл гэдгийг нотлон тайлбарласан баримтуудыг олноор тавьжээ. Занданшуулсан шарилын музейн мэргэжилтнүүд жишээлбэл занданшуулсан шарилыг ямар ч битүүмжгүй, жирийн агаарын температурт ийм удаан хадгалах боломжгүй гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ хүмүүс зарим нэг шалтгаанаас болж цогцсыг энгийн температурт хадгалах нь харин ч боломжтой зүйл гэдэгт итгэж байгаа ажээ. Харин нэгэн мэргэжилтний хэлснээр бол үнэхээр цогцосны таван цулыг нь авч, сайтар занданшуулсан ч гэсэн дорхноо муудаж, ялзарч эхэлдэг гэдгийг хэлжээ. Мөн тэрээр Ленин болон Мао Зидуний шарилууд ч гэсэн маш дээд зэргийн тусгай орчинд хадгалагддаг бөгөөд тусгай мэргэжилтнүүдийн байнгын хяналтанд байдаг учраас гайгүй харагддаг. Гэхдээ тэд ихэвчлэн цогцосыг оршуулах хүртэл нь л аятайхан харагдуулах зорилгоор ингэж занданшуулдаг. Харин ийм цогцос дээд талдаа 2 долоо хоноод л ахин арчилгаа шаардахуйц болон муудаж эхэлдэг гэжээ.