1
Архинд донтоно гэж юу вэ?
Зарим хүмүүс архийг хар тамхитай ижил хортой, тэрчлэн амь насанд аюултай гэдгийг төдийлөн мэддэггүй. Гэвч харамсалтай нь архи бол мансууруулах бодисын нэг хэлбэр ажээ. Учир нь архи хүнийг маш ихээр донтуулж, "өөртөө" уусгадаг. Бие сэтгэлээрээ архинаас холдож чадахгүй болтлоо их хүсэхийг архинд донтох өвчин гэгддэг ажээ.
2
Ийм өвчтэй хүмүүс ямар нэгэн байдлаар архи, согтууруулах төрлийн ундаанаас татгалзаж чаддаггүй. Нэг л ууж, амтанд нь орсон бол түүнээс гарах тийм ч амар биш. Гэвч тэглээ гээд бүр боломжгүй гэсэн үг биш юм. Энэ нь ердөө л хүний сэтгэл зүйтэй холбоотой учир, өөрийгөө архинаас ангид байлгаж чадна, архи надад хэрэггүй, архи бол амьдралын дайсан гэх сэтгэхүйг толгойдоо суулгаж өгөх хэрэгтэй. Архинд донтсон ихэнх хүмүүс өөрсдийн эрүүл мэндийг хохироож байгааг мэдсээр байж л түүнээс гарч, уухаа болиулж чаддаггүй байна.
3
Архинд донтсоны дохио
Архинд донтох нь 3 үе шаттай. Эдгээр шатууд нь хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Хамгийн эхний шат бол уур бухимдал, алжаалаа тайлахын тулд согтууруулах ундаа хэрэглэх явдал юм. Энэ үед амьдралын хором мөч бүр бэрхшээлтэй мэт санагдаж, түүнийгээ даван туулж, анхаарлаа өөр зүйлд сатааруулахын тулд архи ууж эхэлдэг. Дараагийн үе шат бол архийг уусаар улам ихээр уухыг хүсэх юм. Энэ үеэс архи амьдралын чухал зүйл мэт санаж, үүнийг уухын тулд хэрхэн мөнгө олох, хэнтэй уулзахад анхаарлаа хандуулж эхэлнэ. Яваандаа ажил, сургуулиа тасалдуулан уух боловч өөрийгөө архичин болж буйгаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй байна.
4
Тэрчлэн "Өөрийнхөө мөнгөөр, ууж байхад хэнд хамаатай юм бэ? Ганц нэг уулаа гээд архичин болчихгүй" гэх мэт зүйлсийг хэлж эхэлнэ. Хамгийн сүүлийн шат бол өөртэйгөө эвлэрэх. "Би нэгэнт өнгөрсөн хүн" хэмээн бодож, архинаас бүрэн хамааралтай болдог байна. Нэг ёсондоо архинаас гарах итгэлээ алдана гэсэн үг. Хамгийн харамсалтай нь ихэнх хүмүүс "Би архичин биш" гэх хандлагаар уусаар, эцэстээ бүрэн дүүрэн архинд живдэг ажээ.
5
Илрэх шинж тэмдгүүд
Мэдээж архинд донтоно гэдэг нь өвчин бол түүнд илрэх шинж тэмдэг байж л таараа. Ихэнх тохиолдолд дээрх 3 шинж тэмдгээр мэдэж болох ч, хүмүүс "Би бараг уудаггүй, хааяа л нэг уудаг. Тэгээд маргааш нь шартдаг. Заримдаа хоёр гурав хоногоор уучихаад байдаг" гэж ярьдаг. Гэтэл архи уугаад шартаж байгаа л бол тэр хүн хэдийн архинд донтох өвчний 2-р үед очсон гэсэн үг юм.
6
“Шартана” гэдэг нь архинд донтох өвчний маш ноцтой шинжүүдийн нэг юм. Гэтэл ихэнх хүмүүс шартдаг мөртлөө "Би архинд донтох өвчтэй биш" гэж хэлдэг. Архинд донтох өвчний дунд үеэс эхлэн тухайн хүний гэмшил, ухаарлаас үүдэн 6 сар хүртэл хугацаагаар архинаас ангид байж чаддаг ажээ. Харин үүнээс хойш энэ чадвар буурсаар эцэстээ 1 хоног ч архигүй байж чадахгүй болтлоо донтдог байна.
7
Архины хор уршиг, биед үзүүлэх нөлөө
Архидан согтуурсны улмаас эрүүл мэндэд учрах хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчин, осол гэмтэл, хүн амын өвчлөл, нас баралт, гэмт хэрэг, хүчирхийллийн хэргүүд ихэссээр байгааг үндэсний статистикийн газраас гаргажээ. Судалгаагаар сүүлийн 10 жилийн дотор зүрх судасны эмгэгээр нас барах явдал 4-5 дахин ихсэж, нас барах шалтгааны эхэнд бичигдэж байна. Элэг, ходоод, улаан хоолойн хавдраар өвчлөх нас барагсдын тоо нэмэгдэж, 6 хүн тутмын нэг нь гайтай өвчнөөр хорвоог орхиж байгаа юм.
8
Мөн жирэмсэн эх архи ууснаас үүдэн гарах хүүхэд нь ургийн гажиг, тархины хавдар, саажилттай байх маш өндөр магадлалтай. Хамгийн харамсалтай нь хорт хавдраас үүдэх нас баралт сүүлийн 10 жилд нэмэгдэж, хүн амын нас баралтын 2 дахь том шалтгаан болсоор байна.
9
Амьдралд нөлөөлөх нь
"Сархад савнаасаа бусдыг дйилнэ" хэмээн бид ярьцгаадаг. Энэ бол яах аргагүй үнэн үг билээ. Архи гэдэг хүний нас, зүс, нийгмийн аль ч давхаргыг ангилж ялгахгүйгээр амьдралыг нь үгүй хийж, амь насыг нь авч оддог. Үүнээс болж, дан ганц хувь хүн биш, бүхэл бүтэн айл гэрийг хүртэл айдас хүйдэст автуулдаг шүү дээ. Тэгвэл архи танай гэр бүлд хэрхэн нөлөөлдөг вэ? Гэр оронд үргэлж хэрүүл маргаан гарна, амьдралын аз жаргал гэж байхаа больж, үр хүүхэд хань ижил тань мөнхийн түгшүүртэй, гуниг зовлонтой, нулимстай амьдрах болно.
10
Хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, аймхай, өөртөө итгэлгүй, хулчгар нэгэн болж хүмүүжнэ. Цаашлаад орлогын эх үүсвэр алдагдаж, санхүүгийн бэрхшээлтэй учирна. Түүнээс улбаалан хэрүүл маргаан, золгүй явдлууд ар араасаа дараалан гарч, эцэст нь хүүхэд өнчирч, гэр бүл салах нөхцөл бүрддэг байна.
11
Үүнээс хэрхэн гарах вэ?
Юун түрүүнд өөрийгөө архинаас гарч чадна хэмээн зоригжуулж, түүндээ итгэлтэй байх хэрэгтэй. Уух хүслээ дарж, оронд нь өөр зөв хоббитой болох хэрэгтэй. Мөн архинд зарцуулах мөнгөөрөө тодорхой хуримтлал үүсгэхийг хичээгээрэй. Хадгалсан мөнгөөрөө өөртөө хэрэгтэй, урам өгөх бэлгийг аваарай. Найз нөхдийн хүрээлэлдээ өөрчлөлт оруулж, аль болох спортоор хичээллэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх тал дээр анхаарлаа хандуулбал зохино.
12
Архинд донтсон нэгэндээ туслаарай
Юун түрүүнд өөртэйгөө ижил зовлонтой хүмүүст туслан, урам өгч хамтдаа муу зуршлаас гарах нь таны санаанд ч оромгүй их үр дүнг авчирдаг. Архинаас гарах сайн үйлсийн аян зарлаж, хүмүүсийг уриалан өөрийн амьдралаараа батлан харуулах хэрэгтэй. Өөртэйгөө ижил зовлонгоор шаналж байсан хүмүүст итгэл бэлэглэж, амьдралыг нь аврах тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан байх болно гэдэгт итгээрэй.