1
Спортоор хичээллэх
Хичнээн сайн залуу байлаа ч харахад л эв хавгүй биетэй, илүүдэл жин, таргалалттай бол хэнд ч таатай санагдахгүй. Тиймээс залуу минь, хэрвээ та хайртай бүсгүйгээ өөртөө дурлуулахыг хүсэж байгаа бол юун түрүүнд өөрийн биеэ чийрэгжүүлж, спортоор хичээллэх хэрэгтэй. Энэ нь танд бие сэтгэлийн асар их таашаалыг өгөхөөс гадна, бүсгүйчүүдийг шидийн мэт өөртөө татахад тус болно.
2
Хэлэхээсээ өмнө бодох
Эр хүний үг, үйлдэл хоёр зөрөх шиг шившигтэй зүйл гэж үгүй. Тиймээс ч та бүсгүй хүнд амлалт өгөх, тэрчлэн танилцахдаа ч үг үйлдлээ хянаж, хэлэхээсээ өмнө бодох хэрэгтэй. Учир нь зарим залуус аливаад сэтгэл хөдлөлөөр хандаж, тухайн үедээ бүсгүйчүүдэд биелэх боломжгүй амлалтуудыг өгдөг. Энэ нь цаашдаа буруугаар эргэвэл асар том боломжоо алдлаа л гэсэн үг.
3
Бусдыг анхааралтай сонсох
Ямар залуус бүсгүйчүүдийг соронзон мэт татдагийг мэдэх үү? Бүсгүйчүүд төрөлхийн их яриасаг учраас тэдний яриаг анхааралтай, чин сэтгэлээсээ сонсдог залуусд үнэхээр тааламжтай ханддаг. Тиймээс ч та бүхий л нөхцөлд бусдын яриаг таслах, зэрэгцэж ярихаас болгоомжлох хэрэгтэй. Энэ нь бүхий л боловсон эрчүүдэд байдаг чанар учраас, та ч гэсэн өөртөө цогцлоогоорой.
4
Илтгэх чадварт суралцах
Хар ухаанаар бодсон ч бүсгүй хүнийг "найрч" танилцана гэдэг тухайн эр хүнээс асар их авьяас чадвар, бэлэн цэцэн үг, илтгэх уран чадварыг шаардах нь ойлгомжтой. Харахад зүс царай тааруу ч, үнэхээр уран цэцэн, ундарсан үгтэй залууст бүсгүйчүүд татагдаад байдгийн учир энэ. Тиймээс ч залуу минь, та илтгэх уран чадварт суралцаж, яруу найргийг шимтэн уншаад үзээрэй. Танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
5
Өөртөө итгэлтэй байх
Залуучууд бүсгүй хүнийг бодвол өөртөө итгэх итгэл нь илүү, ямагт өөдрөг үзэлтэй байдаг. Энэ нь нэг талаараа сайн чанар юм. Хэрвээ та өөртөө итгэлгүй, "Миний байгаа байдал түүнд таалагдахгүй бол яанаа" хэмээн эргэлзэж байвал хайртай бүсгүйгээ өөрийн болгож хэзээ ч чадахгүй. Түүний оронд өөртөө 200 хувь итгэлтэй, дээрээс нь мэдрэмжтэй байхад л болоод явчихна.
6
Ямар нэгэн авьяастай байх
Ямар нэг хөгжмийн зэмсгийг маш сайн тоглодог, сагсан бөмбөг тоглохдоо гаргууд, эсвэл бүр уярмаар сайхан дуулдаг, гарын дүйтэй гэх мэт авьяас чадваруудаас аль нэгийг нь сайн эзэмшсэн байвал энэ нь таныг илэрхийлэх нэг том давуу тал болж өгдөг.
7
Өөртөө арчаатай
Хамгийн энгийн, наад захын асуудал бол өөртөө арчаатай байдал, хувийн зохион байгуулалт сайтай байх явдал юм. Бүсгүйчүүд яагаад жентельмэн залууд дуртай байдаг гэж бодож байна? Тэд хэрхэн биеэ авч явах, хувцаслах зэргээ гойд сайн мэддэгтэй нь холбоотой. Дэгжин хувцасласан, цэвэрхэн залууст ямар ч бүсгүй нүдээ унагадаг юм.
8
Нинжин сэтгэлтэй байх
Аливаад хатуурхаад байдаггүй, өр нинжин сэтгэлийг эмэгтэйлэг явдал хэмээн боддог бол та эндүүрч... Учир нь хүн чанар, энэрэнгүй сэтгэл бол эр хүнийг илэрхийлэх эрхэм чанаруудын нэг юм. Хүчирхэг эрчүүд бүхнийг хайрлан энэрэх, зовж зүдэрсэн хүмүүст гар сунган харамгүй туслах тал дээр хэнээр ч ятгуулж, заалгадаггүй ажээ.
9
Хичээл зүтгэлтэй байх
Таалсан охин тань үгүй хэмээн хэлэх мөчид хамаг зүйл нурсан мэт, хэцүү санагддаг бол залуу минь амьдрал одоо л эхэлж байна. Азтай, сүйхээтэй залуусын үгийн сан, уураг тархинд "шантрах" гэдэг үг байдаггүй. Дэлхийд алдартай үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, өөрийг нь хоргоосон залуу бүрт найр тавьж өгөхгүй шүү дээ. Чухам тэднийг заяаны ханиа болгосон залуус өөрсдийн шантаршгүй зан, овсгоо самбаагаараа л хүссэндээ хүрсэн байж таарна.
10
Өглөгч байх
Таны дэргэд ядарсан хүү өглөг гуйж сууна уу? Эсвэл амьтны нялх үр хоол эрэн тэмтчиж байвал та боломжийн хэрээр тусламж үзүүлж сур... Учир нь тэд бүгд байгаль эхийн нэг хэсэг, алтан амьнаас хуваагдаж төрсөн бурхны бэлэг шүү дээ. Эр хүн гэхээрээ л яагаад хатуу, хүйтэн хахир байх ёстой гэж? Та л өгөөмөр, тусархаг байхад бусад хүмүүс ч гэсэн тийм байх болно.
11
Хүний нүд руу нь харж ярилцах
Ямар ч хүнтэй ярилцахдаа, нүд рүү нь дальдчилгүй харж байх нь чухал юм. Гэвч үргэлж цоо ширтэх хэрэггүй. Тиймээс нөхцөл байдалд тааруулан, аль болох тухайн хүн рүүгээ анхаарлаа хандуулж, яриаг нь тогтуун сонсоход суралцаарай.
12
Хүндэтгэлтэй харьцах
Яг дээрх шиг, хэнтэй ч харилцсан бай, түүнийг тодорхой хэмжээнд хүндлэх шаардлагатай. Тиймээс ч та охид бүсгүйчүүдийг өөртөө дурлуулж, тэднийг хуйлруулахыг хүсвэл тэдэнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Харин та хайртай бүсгүйгээ хатан мэт өргөмжилвөл, эргээд өөрөө хаан мэт хүндлэгдэх учиртай.
13
Өөрийгөө ялан дийлэх
Эр хүний чухал чанар бол чадахгүй гэсэн даваагаа давж, өөрийгөө ялан дийлэх явдал юм. Бүх зүйлд бууж өгөн, сул дорой байвал хэн ч таныг үнэлэхгүй. Бүсгүйчүүд ч мөн адил. Тиймээс та хэзээд хүчирхэг байж, өөрийгөө ялан дийлвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй билээ.
14
Хүнийг хайрлаж чаддаг байх
Бүхий л зүйлд хөнгөн хуумгай, тогтворгүй хандах нь жинхэнэ эр хүний шинж биш. Ухаалаг эр хүн өөрийн хайртай бүсгүйгээ 1000 аргаар хайрлаж байхад, хүүхэмсэг хөнгөн эр 1000 бүсгүйг нэг л аргаар хайрлаж, түүндээ бүдэрдэг юм.
15
Ном уншдаг байх
Ном уншдаг залууст бүсгүйчүүд ихээхэн таатай ханддаг. Учир нь залуусыг уншсан ном шигээ ухаалаг, буурь суурьтай хэмээн дүгнэдэгтэй холбоотой. Тиймээс та бүсгүйчүүдийг өөртөө дурлуулж, тэднээр хайрлуулахыг хүсвэл ном уншихад ч мөн тодорхой цаг завыг гаргаж байгаарай.