Сүүлийн үед бөөр шилжүүлэн суулгуулах амин чухал шаардлагатай өвчтнүүд бөөрний донороо олохоор Энэтхэгийг зорьдог болжээ. Учир нь тэнд бөөрийг хамгийн хямд ханшаар худалдан авч болохоос гадна донорын зуучлагч ч олонтой болсон байна. Викас хэмээх нэгэн зуучлагч эр “Мумбай хотод амьдардаг 26 настай цоо эрүүл залуу байна. 3 жилийн өмнө тэр ажлаасаа гарч хөдөө тариалан эрхэлдэг гэр бүл дээрээ очсон юм. Мөнгө хэрэгтэй байгаа учир бөөрөө зарахаар шийдсэн” хэмээн хүүхэддээ бөөрний донор хайж яваа Европ төрхтэй хижээл хосуудад учирлан байх юм.
Викас гурван жилийн өмнөөс донор хүмүүсийг зуучилж эхэлсэн бөгөөд донорын “арилжаа” болгоноос ойролцоогоор 750-1200 доллар авдаг болжээ. Өнгөрсөн жил л гэхэд тэр 8 донор зуучилж, 7700 доллар (Монгол мөнгөөр 16 сая төгрөг) олжээ. Үнэ ханш нь хууль ёсны донор эсэхээс шалтгаалах төдийгүй, эрхтэн шилжүүлэх хагалгаа нь ойрын өдрүүдэд болох эсэхээс ч хамаардаг аж. Харин Шри Ланк, Колумб дахь “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын төв”-д бол 53-122 мянган долларын ханштай байдаг гэнэ.
Хууль ёсны ийм газруудаас гадна бөөр арилжих “хар захууд” ч мөн олон. Тэд бол 1990-ээд оноос нийгэмд гарч ирсэн нэгэн “томуу” юм. Энэтхэгт жил бүр 2000 гаруй хүмүүс хууль бусаар бөөрөө гадны хүмүүст арилжиж байна. Тэдгээрийн ихэнхийг мөн л Викас болон түүний хяналтан доорх хүмүүс зуучилна.
Хүмүүстэй харилцахдаа тэрбээр Прянка Сингх хэмээх эмэгтэй нэрийг ашигладаг аж. “Залуухан, хөөрхөн охид бусдад илүү найдвар төрүүлдэг. Яг яриа үүсгэх үедээ тэр миний дүү, би ах нь байгаа юм хэмээн тайлбарладаг. Бас дандаа англиар ярьдаг” хэмээн Вика хэлжээ.
“Ихэнхдээ ганцаарчилсан уулзалт хийхээс зайлсхийдэг. Занга байж болно шүү дээ. Түүнчлэн нэг холбогдсон хүнтэйгээ ахин дахин холбогдох нь зохисгүй” гэв. Балба улсын иргэн Кумар Будатоки хэмээх эр бөөрний хагалгаанд орсон соривоо үзүүлжээ.
Тэр нэг бөөрөө 5000 доллараар Канад хүнд зарсан байна. Түүнийг ирмэгц тансаг зэрэглэлийн зочид буудалд буулган, бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгөн, хагалгаанд орсноос хойш 18 хоногийн дараа явуулжээ.
Энэтхэгийн дараа орох бөөрний арилжааны төв цэг гэвэл Шри-Ланкийг нэрлэж болно. 2008 онд Энэтхэгчүүд Шри-Ланк дахь хараа хяналтаа сулруулсанаас бөөрний донорууд бүгд ийшээгээ хошуурцгаах болжээ. Харин 2011 оноос хойш гадаадын иргэдэд бөөр донорлох нь хориотой болсон тул хууль бус донорын арилжаа бүр гаарсан байна.