Ичгүүртэй байдлаас эвтэйхэн мултрах 9 арга

2015-12-14, 01:11
89,483

Бид урьдчилан таамаглах боломжгүй олон зүйлсүүдтэй нүүр тулгарах үе бишгүй олон. Гагцхүү асуудал тулгарсан үед өөрийгөө болоод өрөөлийг эвгүй байдалд оруулахгүйгээр хэцүү байдлаас эвтэйхэн мултрахад туслах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Ичгүүртэй байдлаас эвтэйхэн мултрах 9 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Өмдөө норгохоос сэргийлэх арга
Дэргэдүүр зөрөн өнгөрөх хэн нэгний өмднийх нь цахилгааны орчимд норсон толбо байхыг анзаарахгүй байхын аргагүй. Энэ бол эрчүүдийн хувьд жинхэнэ хар дарсан зүүд л гэсэн үг. Эрэгтэй хүмүүс хөнгөнөөр бие зассаны дараа шээсний сүвэнд үлдсэн бага зэрэг шингэн өмдөө товчлох үед нь урсан гадагшилдаг аж. Үүнийг энгийн байдлаар аргалчихаж болно. Шээсний дараа анус болон хуухнаг хоёрын дунд хэсэгт дарж өгснөөр шээсний үлдэгдлийг гадагшлахад тусална. Дараа нь бэлэг эрхтэнээ хөнгөхөөн сэгсрээрэй.



2. Батганаас хурдан салах арга
Нүүрэн дээр батга гарахад эр эмгүй л сэтгэл тавгүйтдэг шүү дээ. Мэдээж хурдан хугацаанд батганаас салах арга бол шахах. Үүнийг нямбай бөгөөд зоригтой хийх хэрэгтэй. Эс бөгөөс үрэвсэл газар авч, юу юугүй дэлбэрэх гэж байгаа галт уул шиг болох болно. Гол дүрэм нь: батганы цагаан толгой үүссэн батгыг л хөнд. Бусад тохиолдолд салицилийн спирт, цайны модны тосоор арчиж, салицил –цайрын исэлтэй тос нимгэн түрхэж өгнө. Мөн үрэвсэл дарах тусгай бодистой тууз наасан ч болно. Азелаины хүчил суурьтай бэлдмэл ч маш сайн боловч хэрэглэхээсээ өмнө зааврыг нь уншаарай.
   
Мөн шахахын өмнө гараа сайтар угааж бэлдэх хэрэгтэй. Эхлээд батган дээрээ халуун усанд норгосон алчуур гэх мэт зүйлээр бүлээн жин тавина. Энэ нь арьсны нүхийг тэлэхэд туслах тул батгыг шахахад амар байх болно. Дараа нь батгатай хэсгийн арьсыг спиртээр арчиж, ариутгасан зүүгээр батга түрж нимгэрсэн арьс руу болгоомжтой хатгаж шахахад бэлтгэнэ. Дараа нь хуруугаа нимгэн цэвэр даавуу эсвэл цаасан алчуураар ороогоод үрэвсэлтэй хэсгийг хоёр хажуу талаас нь дороос дээш чиглэлтэйгээр шахна. Батгыг үлдэгдэлгүй шахсаны дараа ариутгалын уусмал эсвэл устөрөгчийн хэт ислээр арчиж өгнө.



3. Дотор муухайрахыг болиулах арга
Тээврийн хэрэгсэл дотор, гадуур хооллосон эсвэл хэтрүүлэн уусан гээд дотор бэлбэгнэж, муухайрах шалтгаан дэндүү олон ч үр дагавар ганц байдаг. Тодруулбал, дээрх бүгдийн дараа бие организм эсэргүүцэл үзүүлж, хичнээн биеэ барьж, нэрээ хичээсэн ч аргагүй байдалд ордог шүү дээ. Тиймээс дотор муухайрч, бөөлжис цутган юу юугүй аман дээр гараад ирсэн үед төвөнхийн ойролцоо зөөлөн илж өгөх хэрэгтэй. Өөр нэг огиудас хүрэхийг болиулах цэг бол гарын бугуйны дотор тал, алганы төгсгөлөөс гурван хуруу зайтай хэсэг юм. Энэ хэсэгт хоёр гарын бугуйнд ээлжлэн  хэдэн минутын турш иллэг хийх хэрэгтэй.
   
Хамгийн гол нь таагүй мэдрэмжээс ангижрахын тулд өөрийгөө чангахан чимхэх, алгандаа хумсаа шигтгэх мэт аргыг хэрэглэж ч болно. Гэхдээ мэдээж хэтрүүлж болохгүй. Хэрэв ийм байдалтайгаар хэвтэх юм бол шууд л бөөлжинө. Тиймээс аажуухан босоод ийш тийш алх, өрөөсөн нүдээ аниад хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч, гарга. Дух эсвэл шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавь. Энэ арга нь бөөлжихийг болиулж, тайвшруулж өгдөг. Хатаасан жимс, талх, цагаан гаатай цай зэрэг нь дотор муухайрахыг зөөллөж, ходоодыг тайвшруулдаг байна.



4. Сэрэл хөдлөхийг хянах арга
Бид “ёстой тэнэг байдалд орлоо, нүүр хийх газаргүй боллоо” гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл зөвхөн эрэгтэй хүнд тохиолдож болох ийм ичгэвтэр хэрэг бол эротик сэдэвтэй зүйлд үзүүлэх хариу үйлдэл буюу сэрэл хөдлөх явдал юм. Хэрэв “боломжгүй үед” ийм зүйл тохиолдвол яах вэ? Мэдээж үүнийгээ нуух шаардлага тулгарна. Гэхдээ нууя гээд л нуучихдаг, болъё гээд л больчих эд биш, учир нь ийм үед эрчүүд эрүүл ухаанаа алдаж, сексээс өөр зүйл толгойд нь орж ирэхээсээ өнгөрдөг.
 
Гэхдээ үүнийг зохицуулах хэд хэдэн арга байна. Cэрэл хөдлөх үед цус их хэмжээгээр бэлэг эрхтэн рүү маш хүчтэй шахагдан ордог тул үүнийг гаргахын тулд аль болох том булчин руу цусны урсгалыг нь чиглүүлэх хэрэгтэй болно. Үүний тулд минутын турш өгзөг эсвэл гуяны булчинг хамаг чадлаараа ээлжлэн чангалж бас сулласнаар “асуудал” алга болж байгааг харах болно. Арай өөр, бага зэрэг хэцүү арга бас байна. Үүнд: дунд сургуульд цээжилж байсан шүлгээ эргэн санах, дөрвөн оронтой тоог хооронд нь үржүүлэх гэх мэт. Мөн амьсгалаа түгжиж болно. Энэ үед тархи асуудал үүслээ гэдгийг мэдэж, биеийн доод хэсэгт “анхаарлаа” хандуулахаа болино.
 
Эцэст нь хэлэхэд сандарсан үед толгойд дээрх аргууд орж ирэхгүй бол өөрийгөө чангахан гэгч нь чимхэх юм уу хэлээ хазаад нэг үзээрэй. Учир нь өвдөлт өөр бодол, хүслийг үлдэн хөөх болно. Харин зөвлөхөд, хэрэв та бие барьсан дотуур хувцас өмсөх дуртай бол үүнийгээ чөлөөтэй, сул загвартайгаар солиод үзэхэд гэмгүй. Учир нь шүргэлт бага байх тусам эвгүй байдалд орох боломж багасна гэсэн үг юм.



5. Уухгүй байх, архиа хурдан гаргах арга
Эхний асуудал ч яах вэ, аргалчихаж болно. Харин хоёр дахь буюу архиа хурдан гаргах тийм ч амар биш. Шар тайлагдахад хугацаа хэрэгтэй. Хэрэв та өнөө орой наргих гэж байгаа бол маргааш өглөө нь хаврын шинэхэн яргуй шиг харагдахын тулд сайн идэх хэрэгтэй. Ингэхдээ тэжээллэг, зөв хооллолтыг чухалчил. Танд нүүрс ус, өөх тос зайлшгүй хэрэг болно. Хачиртай талх, шарсан төмс, пицца гэх мэт. Илчлэг ихтэй гэж бүү бод, нэр хүндээ шавартай хутгаж байснаас жин нэмсэн нь дээр.
   
Хундаганы давалгаа эхлэхээс өмнө зайгүй болтол идээд, дараа нь хундага архи татах бүртээ заавал ид. Харин одоо хэрхэн уух ёстойг ярилцъя. Градус бууруулах зарчмаар ууж болохгүй гэдгийг бараг хүн бүр л мэднэ. Улаанбуудайнаас гаргаж авсан согтууруулах ундааны төрөл зүйл усан үзмийнхтэй нэг саванд /ходоодонд/ огтхон ч зохицохгүй. Архи, шар айраг, вискиг дарс эсвэл шампансктай холивол ходоодон дотор тань дайн болох болно. Абсент, текила болон ром дарсыг бол бүр ч хольж болохгүй. Бүр хийжүүлсэн ундаатай ч тэр.
   
Уух зайгаа ч бас бодолц. Хундага хоорондын зай 20 минутаас багагүй байх ёстой. Бас бүжиглэх, дуулах зэрэг хийх зүйлээ байнга өөрчил. Дээрх арга хэмжээнүүдийг аваад “болж” байвал айх зүйлгүй, харин “больж” байвал өнөөдөртөө “хаваасаг” гэж ойлго. Архи, согтууруулах төрлийн ундаа нь бие организмыг усгүйжүүлдэг. Тиймээс их бага хэмжээгээр байнга ус уух нь сайн.



6. Дур тачаалын ул мөрийг баллах арга
Хүзүүн дээрээ шимүүлсний ул мөр болох цус хурсан толбо нь хүнд харуулж, ил байлгаад байхаар зүйл биш. Ер нь бол ийм “тэмдэг тавиулахгүй эсвэл хөхөрч, ягааран цус хурахаас нь өмнө арга хэмжээ авсан нь дээр. Гэхдээ ул мөр хэдийнээ тодорсон тохиолдолд маш хурдан алга болгох хэд хэдэн үр дүнтэй арга байдаг. Крем, өө дарагчаар далдлах гэж оролдох хэрэггүй. Урт хоолойтой цамц, ороолт ч нэмэргүй.
   
Ер нь шимэх, озох гэдэг нь гематомия буюу цусан бундуу тул үүнийг арилгах арга нь хөхөрч, няцарсныг арилгахтай яг ижил. Эмийн сангаас гепаринтай тос авч түрхэх эс бөгөөс гэрийн нөхцөлд бололцоогоо ашиглах хэрэгтэй. Үүний тулд цус хурсан газарт хэдэн цагийн турш хүйтэн жин тавина. Цаасан алчууранд мөс ороогоод, хүйтэн халбага эсвэл хөлдөөсөн мах байсан ч болно. Хүйтэн жинг нэг удаадаа 15-20 минут байлгана. Энэ арга нь тухайн хэсгийн цусны эргэлтийг сайжруулах замаар “асуудлыг” арилгаж буй хэрэг юм.
   
Хэдэн дусал гааны эфирийн тосыг хөвөнд шингээгээд хөхөрсөн хэсэгт хөнгөхөн иллэг хийж өг. Гаатай шүдний оог ч ийм маягаар ашиглаж болно. Асуудалтай хэсэгтээ шүдний оо түрхээд өөрөө аяндаа хатахыг нь хүлээгээд, дараа нь угаа. Өглөө гэхэд санаа зовоосон асуудал тань тийм ч аймшигтай харагдахгүй болсон байх болно. Хурсан цусыг хөнгөхөн иллэгээр тараана. Хөхөрсөн хэсэгт хоёр хуруугаараа тойрог хөдөлгөөнөөр цагийн зүүний дагуу хэдэн минутын турш аажуухан эргүүлээд, дараа нь эсрэг зүгт үйлдлийг давтана. Нийт хугацаа 6-8 минут, өдөрт дөрвөөс доошгүй удаа хийнэ. Мөн спирт шингээсэн хөвөн, зөөлөн үстэй шүдний сойзоор иллэг хийж болно.



7. Тэвчишгүй зүйлийг ч тэвчих арга
Зарим үед бие маажихаас өөр байж суух газаргүй болтол загатнадаг шүү дээ. Үүнтэй адил давсаг чинэрээд юу юугүй гадагшлахад бэлэн болсон үед яах ч арга байдаггүй. Энэ үед уусан аяга ус таныг “тамд” унагах болно, ялангуяа холын замд яваа эсвэл чухал хуралд сууж байгаа үед. Ингээд хэрэв таны шээс хариугүй гоожчих гээд байгаа боловч 00 орох боломжгүй үед өгөх анхны бөгөөд гол зөвлөгөө бол шээс хүрч байна гэсэн бодлыг толгойноосоо авч хаях юм.
   
Давсагт очих даралтыг бууруулах хэрэгтэй тул хэрэв боломжтой бол суугаад, өмднийхөө товчийг тайл. Сандлын түшлэг налан сууж, ямар нэгэн огцом хөдөлгөөн хийхгүй, урагш бөхийхгүй байх хэрэгтэй. Харин суух боломжгүй байгаа бол хоёр хөлөө солбиж зогс. Даарсандаа шээс хүрэх тохиолдол байдаг. Энэ үед аль болох хурдан дулаацахыг хичээ, ингэх нь 00 орох “сигнал”-ыг мэдэгдэхүйц багасгана.



8. Хийгээ гадагшлуулалгүй барих арга
Хийгээ гаргах буюу хар яриагаар бол унгах гэдэг нь байгалийн жам боловч орчин тойрныхон тань таагүй хүлээж авахад хүргэдэг. Үүнд өгөх хамгийн үр дүнтэй зөвлөгөө бол хариуцлагатай арга хэмжээнд оролцох, олон нийтийн газар явах гэж байгаа бол исэлдэлт явагддаг хүнсний бүтээгдэхүүнийг бүү хэрэглэ. Үүнд, алим, лийр, талх, байцаа, шошны төрлийн бүтээгдэхүүнүүд, хийжүүлсэн ундааны зүйл, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг багтана.
   
Хэрэв хий гадагшлах гэж байгаа нь мэдрэгдвэл алгуурхан байдлаар биеийн байрлалаа өөрчил. Сууж байсан бол босч, зогсч байсан бол сууж, хэрэв боломжтой бол хэвтэх гэх мэт. Суугаа байрлалд байгаа бол биеийн жингээ нэг өгзөгөөс нөгөө рүү шилжүүлэх эсвэл ширээ налж, бүсэлхий, нуруу хэсгээр бага зэрэг хазайж өг. Бүр тэсэхээ байгаад ирвэл босоод нуруугаа эгцэлж, ганц нэг алхаж үз.



9. Эвгүй үнэр дарах арга
Айлд зочилж очоод гутлаа тайлтал хөлнөөс гарах эхүүн үнэр өрөөгөөр нэг ханхийн хамар цоргиж, таныг ч гэрийн эзнийг ч эвгүй байдалд оруулах тохиолдол гарч мэдэх юм. Харин эвгүй үнэр арилгах энгийн нэг арга ашиглан үүнээс зайлсхийх боломж байна.    
   
Та айлд зочлохоо мэдэж байгаа тул бэлтгэлийг урд оройноос нь эхэл. Юун түрүүнд гутландаа анхаар. Гутлаа хатааж, үнэр дарагч, ариутгагч бодис цацан хонуул. Шивэрний үнэрээс салахад хумсан цэцэг сайн. Мөн жүржийн төрлийн жимснээс гаргаж авсан эфирийн тос, розмарин, гаа, лаванда, хуш модны шилмүүс үнэр дарах чадвартай. Өглөө нь хөлөө сайтар угааж, арчсаны дараа үнэр дарагч, ариутгагч цацлага түрхэнэ. Юмыг яаж мэдэх вэ, биедээ үргэлж эфирийн тостой хөөс авч явахад гэмгүй. Шаардлагатай тохиолдолд гаргаад л оймс руугаа багаханыг хийчихэд л хангалттай.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()