Халхгол чөлөөт бүсийг цуцлах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2015-11-07, 19:17
4,702
2015 оны 11-р сарын 06-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын 2015 оны 75-р тогтоолыг өөрчлөн, Халхгол чөлөөт бүсийг цуцалж, Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халхгол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив.
Халхгол чөлөөт бүсийг цуцлах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа


2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халхгол” чөлөөт бүсийг байгуулах тухай УИХ-ын 75 тоот тогтоол батлан, 500 мянган га талбайтай байхаар тогтоосон билээ. Гэвч нутгийн гүн дэх их хэмжээний газар нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, гадаад зах зээлд экспортлох үйл ажиллагааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулан онцгой дэглэм тогтоох боломжгүй бөгөөд харин Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцууллаа.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эрх ашиг хангагдаж, улмаар гадаад худалдааны алдагдлыг бууруулж, хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах эдийн засгийн бодлогын агуулгад нийцэх ач холбогдолтой. Түүнчлэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэд болон тус сумын нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Газрын тухай хуулийн дагуу нутагтаа газар өмчлөх, эзэмших, чөлөөтэй зорчих үндсэн эрх нь баталгаажих юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүсийн талаар товч мэдээлэл дуулгая.

Гадаад улс орнуудын нийтлэг жишгээс харахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч улс орнууд тус салбараа чөлөөт бүс байгуулж хөгжүүлэх бус органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс /Agricultural area certified organic/ байгуулан хөгжүүлдэг байна.

Тухайлбал, Уругвай улсын органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн нутаг дэвсгэр 2012 оны байдлаар нийт 931 мянган га байна. Тус улс уг талбайн 99 хувьд мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг. Мөн Аргентин улсад 3,1 сая га, Парагвай улсад 51 мянган га, Казакстан улсад 695 мянган га талбайг органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр болгон хөгжүүлж байна. Энэхүү стандарт дэлхийн 80 гаруй оронд мөрдөгдөж байна.

Монгол улс дотоодын хэрэгцээнээс илүү гарч буй хөдөө аж ахуйн гаралтай зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох нөөц боломж хангалттай байгаа. Гэвч энэ харилцааг заавал Чөлөөт бүсийн хуулийн онцгой дэглэмээр зохицуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Иймээс олон арван жилийн турш төрийн бодлого чиглэлд тусгагдаж ирсэн Халхголын сав газарт ХАА-н эрүүл органик үйлдвэрлэл эрхэлж, хөрөнгө оруулалт төвлөрүүлэх үйл ажиллагаанд Дэлхийн ХХАА-н байгууллагын стандартыг мөрдөж ажиллах нь зүйтэй гэжээ.

Х.Болорчулуун гишүүний санаачилж, УИХ-ын даргад өргөн бариад буй уг тогтоолын төслийг дэмжиж 12 гишүүн гарын үсэг зурсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.