Голомт банкны хамт олон “Та ч бас донор” цусаа бэлэглэх өдөрлөгийг зохион байгууллаа

2015-10-09, 20:03
1,969
Хайртай дотны хүмүүстээ зориулдаг тэр л сэтгэлээр бусдыг энэрч, эрдэнэт хүний алтан амийг авардаг ачтанууд бол донорууд билээ. Учир нь сая сая хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус сэлбэх эмчилгээ амин чухал үүрэгтэй юм. Иймд Голомт банкны хамт олон ЭМЯ-ны харъяа Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран “ТА Ч БАС ДОНОР” цусаа бэлэглэх өдөрлөгийг 2015.10.9-ний өдөр зохион байгууллаа.
Голомт банкны хамт олон “Та ч бас донор” цусаа бэлэглэх өдөрлөгийг зохион байгууллаа


Цус нь төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон төрөлхийн цусны өвчний үед юугаар ч орлуулашгүй үнэт баялаг юм. Хэдийгээр манай улсад 70.000 орчим донор бүртгэгдсэн ч энэ нь хүн амын тоо,  өвчлөлийн байдалтай харьцуулахад тийм ч хангалттай үзүүлэлт биш юм. Иймд Голомт банкны хамт олон  “ТА Ч БАС ДОНОР” цусаа бэлэглэх өдөрлөгт оролцож, сайн дураараа цусаа хандивлах уриалгыг гаргасан бөгөөд үүнд Голомт  банкны 1.800 гаруй ажилтан, олон арван харилцагчид нэгдсэн байна. 

Та амьдралыг тэтгэгч ариун цусаа хандивлахад ердөө 5 минут зарцуулснаар 3 хүний эрдэнэт амь насыг авраад зогсохгүй өөртөө ч шинэ амьдрал бэлэглэж буй хэрэг юм. Учир нь цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор цус идэвхтэй төлжин, цусны урсгалд шинэ эсүүд орж, бодисын солилцоо идэвхжихээс гадна цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэргээр таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Иймд  та ч бас бусдын болоод өөрийн сайн сайхны төлөө гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цусаа хандивлаарай.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.