Дэлхийн хамгийн шилдэг 25 ресторан

2015-09-15, 21:10
15,255
Жил бүр хоолны салбарын мэргэжилтнүүд "Дэлхийн хамгийн шилдэг ресторан"-уудыг шалгаруулдаг уламжлалтай. Лондон хотноо болсон энэ оны шалгаруулалтаар өнгөрсөн жилийн шилдэгүүдийн нэг Испанийн “El Celler de Can Roca” түрүүлсэн байна. Ингээд энэ салбарын 900 гаруй олон улсын сэтгүүлч болон лидерүүдийн санал асуулганд тулгуурлан шалгаруулдаг шилдэг ресторануудын жагсаалтын эхний 25 байрыг танилцуулъя.
Дэлхийн хамгийн шилдэг 25 ресторан


25. "Fäviken" - Ярпен, Швед
Ахлах тогооч Магнус Нильссоны “Fäviken” ресторан нь бараг газрын мухарт буюу Шведийн баруун хойд хэсэгт, Стокольм хотоос 600 км зайд орших ажээ. Хэдийгээр нутгийн гүнд, хөл хөдөлгөөн ихтэй хотоос зайдуухан Нильссоны эзэмшлийн 8000 га нутаг дэвсгэрт оршин байдаг ч, манай гараг дээрх хамгийн ер бусын зоогийн газруудын нэгд зүй ёсоор тооцогддог байна. Энд өөрийн эзэмшийн газар тарьж ургуулсан хүнсний ногоо, өсгөж үржүүлсэн малын махаар хоол хийдгээрээ онцлог ажээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: №19
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 4 жил



24. "Ultraviolet by Paul Pairet" - Шанхай, БНХАУ
Үйлчлүүлэгчид нь “Хэт ягаан туяа” зоогийн газар байрладаг нууцлаг газар бичил автобусаар ирдэг. Зоогийн газрын танхим нь 10 сандал бүхий цорын ганц ширээтэй хоосон цагаан өрөө байх ажээ. Ширээнд тухалсан зочдыг өдөр болон оройн хоолоор дайлах зуур ахлах тогооч Пол Пейрэ тэдний хооллох дуршлыг өдөөх гэж танхимыг төрөл бүрийн хорхой хүргэм үнэрээр дүүргэж, хоол бүрт эгшиглэх хөгжмийн аяыг сольж, ханыг өнгө өнгөөр гэрэлтүүлдэг байна.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: багтаагүй
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 1 жил 


 
23. "White Rabbit" - Москва, ОХУ
«Цагаан молтогчин туулай» зоогийн газар Москва хотын төд Смоленксийн пассажийн дээвэр дээр байрладаг. Зоогийн газрын шилэн ханаар хүрээлэгдсэн өвөрмөц дизайныг “Алиса гайхамшгийн оронд” үлгэрээс санаа аван хийжээ. Эндэхийн ахлах тогооч Владимир Мухин орос уламжлалт хоолыг орчин үеийн аргаар бэлтгэснээр туулайн махан ороомог, фуа-грагийн сүмстэй байцаа гэх мэт нэрийн хоолнууд бий болгосон байна. Мөн түүний хийдэг хүрэн манжингийн шөл ч домог болжээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: багтаагүй
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 1 жил



22. "Nahm" - Бангкок, Тайланд.
“Nahm” зоогийн газар австрали ахлах тогоочтой бөгөөд түүнийг Дэвид Томпсон гэдэг. Модон ширээнүүд, тоосгон баганатай уг зоогийн газар Тайландын нийслэл Бангкок хотын нэгдүгээр зэрэглэлийн “Metropolitan” зочид буудалд байрлах ажээ. Тай хоолны мастер Томпсон наргил модны самрын хальсанд хийсэн карри, наргил модны самрын кремээр амталсан хясаа, тахианы элэг, дун, карритай утсан загас зэргийг өрнийн маягаар гриллдэх өөрийн гэсэн аргатай ажээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: №13
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 4 жил 



21. "Le Chateaubriand" - Парис, Франц
Баск гаралтай ахлах тогооч Инаки Айцпитарте, Парисын зоогийн газрын бизнест өөрийн гэсэн байр сууриа олж чадсан нэгэн. Тэрээр 2006 онд “Chateaubriand” зоогийн газраа нээсэн бөгөөд хоолны амт чанар, үйлчилгээ дээд зэргийн хэрнээ үнэ нь боломжийн гэдгээрээ үйлчлүүлэгчдийн сэтгэлд ихэд нийцдэг байна. Эндэхийн нэрийн зууш нь спаржа, сонгино, улаалзгана, далайн замагтай кальмар ажээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 27
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 7 жил



20. "The Ledbury" - Лондон, Англи
Австрали гаралтай ахлах тогооч Бретт Грэм өөрийн “The Ledbury” зоогийн газарт тансаг зэрэглэлийн франц хоолтой бөгөөд тайван, цаг хугацааг зогсоосон мэт амар амгалан байдал ноёлох аж. Ахлах тогоочийн шилдэг хоолнуудын нэг нь хонины гол мах, артишок, наранцэцгийн үр, сармис, розмаринтай хүзүүний мах юм.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 10
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 5 жил



19. "Azurmendi" - Ларрабесуа, Испани
Ахлах тогооч Энеко Аткса энэ салбарт 15 настайгаасаа мэргэжлийн түвшинд хүчин зүтгэж байгаа нэгэн. Тиймдээ ч трюфель мөөгөн “голтой” өндөг, кальмартай гурилтай шөл гэх мэт хийхэд хэцүү хоолнуудыг ч хялбархан хийчихнэ. Аткса мөн зоогийн газрынхаа экологийн болон орчинд санаа тавьдаг. Учир нь түүний зоогийн газар танхимыг халаах болон сэрүүцүүлэхдээ геотермаль технологийг ашигладаг төдийгүй хог хаягдлаа өөрсдөө боловсруулж, борооны ус хуримтлуулж ашигладаг байна.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 26
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 2 жил



18. "Le Bernardin" - Нью-Йорк, АНУ
“Le Bernardin”-ий Эрик Рипертс, далайн бүтээгдэхүүн болон түүгээр хэрхэн хоол бэлтгэхээ сайн мэддэг. Дээд зэрэглэлийн уг зоогийн газар хоолоо шив шинэхнээр нь зочиддоо барихыг чухалчилдаг байна. Жишээ нь: амьд хясаатай чанасан загас, дижон гич болон дарсаар амталсан утсан гахайн махны холимог гэх мэт...
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 21
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 10 жил



17. "Arzak" - Сан-Себастьян, Испани
Сан-Себастьян дахь энэхүү гэр бүлийн зоогийн газрыг Хуан Мари Арзак, охин Елена Арзак Эспинагийнхаа хамтаар эзэмшдэг байна. Елена 2012 оны “Шилдэг эмэгтэй ахлах тогооч” тэмцээний ялагч болж байжээ. Тус зоогийн газар орчин үеийн баск үндэсний хэв шинжийг шингээсэн байдаг ажээ. Нэрийн хоол нь төмсний шаржигнуур хальсанд ороож улаан перец, кобайба сүмсээр амталсан хавч юм байна.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 8
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 12 жил 



16. "Pujol" - Мехико, Мексик
Уг зоогийн газрын ахлах тогооч Энрике Олвера хоолоо хатаасан шавьжаар хачирхлах дуртай өвөрмөц сонирхолтой ажээ. Түүний хийсэн эрдэнэ шишийн бинтэй далайн загас, хар шошны нухашан зууш нь мексик уламжлалт амттай төгс хосолдог байна. Мэдээж гал тогоонд 27 жил хүчин зүтгэсэн туршлагатай тогоочийн хоол бүр нь тасархай байх нь ойлгомжтой.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 20
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 5 жил
 

 
15. "Steirereck" - Вен, Австри
“Steirereck” зоогийн газар нь ахлах тогооч бөгөөд эзэн Хайнц Райтбауэрын гараа гарган хийдэг амтат хоолнуудаараа алдартай. Түүний бэлтгэсэн хоолнуудыг сонгодог чимэглэлтэй шинэ австрали хоол хэмээн нэрлэх бөгөөд учир нь тэр австрийн уламжлалт хоолыг зэрлэг бодонгийн толгой эсвэл цэцгийн үндэс гэх мэт ховор орц найрлагаар баяжуулдгаараа онцлогтой ажээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 16
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 7 жил
 

 
14. "Astrid y Gastón" - Лима, Перу
“Astrid y Gastón” нь перу үндэстэний уламжлалт идээ ундааг орчин цагийн хандлагатай гайхалтай хослуулж чадсан зоогийн газар юм. Үүнд тус зоогийн газрын ахлах тогооч Гастон Акурио, Астрид Гучше болон Диего Алкантара Менако нарын гавъяа их бөгөөд шаржигнуур хясаатай мисо сүмсээр амталсан загас нь эндэхийн хамгийн амттай хоолнуудын нэг ажээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 18
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 10 жил 



13. "Asador Etxebarri" - Ачондо, Испани
Ил гал дээр болгосон утаж болгосон төрөл бүрийн хоолыг амтлахыг хүсвэл “Asador Etxebarri” –ийг зориорой. Эндэхийн ахлах тогооч Виктор Аргуинзониз бүхий л амьдралынхаа турш гриль дээр хийх боломжтой бүгдийг хийж үзсэн туршлагатай нэгэн. Тиймээс хоол бүр нь өвөрмөц амттай байх тул нутгийнхан нь түүнийг “Ферран Адрия очага” хэмээн нэрлэдэг байна. Виктор Аргуинзониз үргэлж хийдэг гэрийн чоризогоороо алдартай бөгөөд эндэхийн хоолны цэс 125 доллараас эхэлдэг ажээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 34
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 7 жил



12. "L’Arpège" - Парис, Франц
Сайхан хоолыг таашаагчид дэлхийн өнцөг булан бүрээс Алан Пассарддадын гарын хоолыг амтлах гэж Парисын “L’Arpège” зоогийн газрыг зорьдог байна. Ялангуяа шинэхэн крем, халуун ногоо, уксус, агч модны сиропаар амталсан үл ялиг түүхий чанасан өндөг “Oeuf à la Coque” нь алдартай ажээ. Тэрээр хоолондоо ихэвчлэн шинэхэн ногоо ашигладаг байна.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 25
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 12 жил 



11. "Mirazur" - Ментона, Франц
Энэ зоогийн газар Франц, Италийн хилийн зурвас Зааны ясан эрэг дээр байрладаг тул далайн гаралтай бүтээгдэхүүнээр ихэвчлэн бэлтгэдэг. Ахлах тогооч Мауро Колагреко тухайн өдрийн далайн шинэхэн бүтээгдэхүүний олдоц, хэмжээ болон өөрийн зоогийн газрын хүлэмжийн ногооноос хамаараад өдөр бүр цэсээ өөрчилдөг гэнэ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 11
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 7 жил 
 

 
10. "Gaggan" 
Калькутта хотод төрж, өссөн ахлах тогооч Гагган Ананд, өөрийн гараа гарган хийсэн энэтхэг хоолнуудыг бэлтгэдэг бөгөөд “Gaggan” зоогийн газар Ази даяар алдаршаад байгаагийн шалтгаан нь энэтхэгийн гудамжинд зардаг шарсан гурил, чанасан вандуй, төмс, ааруулаар амталсан “папди чаат” хэмээх хоолтой төстэй "Chowpati Year 2050" гэх мэт шинэлэг хоол байдагт оршиж байгаа ажээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 17
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 2 жил



9. "D.O.M." - Сан-Паулу, Бразил
Алекс Атала болон ахлах тогооч Жованни Карнейро нар орчин цагийн бразил хоолыг илүү шинэ түвшинд гаргаж ирсэн гавъяатай. Тэд далайн хясаа, шүрний сүмстэй далдуу модны үндэс зэрэг өвөрмөц хоолнуудаа бэлтгэхийн тулд Амазонийн ширэнгэн ойгоос түүхий эдээ татдаг ажээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 7
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 10 жил



8. "Narisawa" - Токио, Япон
Франц гал тогоог япон орц найрлагийг бүтээлчээр хослуулснаараа тус зоогийн газар нэрд гарч чаджээ. Ахлах тогооч Йошихиро Нарисава үйлчлүүлэгчдээ “органик” хоол болон гэнэтийн жороороо гайхашруулсаар байна.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 14
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 7 жил        
 

 
7. "Dinner by Heston Blumenthal" - Лондон, Англи
Хестон Блюменталь өөрийн “Dinner” зоогийн газартаа британи үндэсний хоолны мастер, ахлах тогооч Эшли Палмер-Уоттсыг урин ажиллуулдаг байна. Тус зоогийн газар хүрэлцэн ирсэн зочид, Эшли туслахуудынхаа хамтаар 1820-иод оны жороор грильдэж шарсан талх, гахайн мах, галууны элэгний холимог гэх мэт хоолнуудыг хэрхэн хйиж байгааг таашаан харах дуртай гэнэ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 5
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 4 жил


 
6. "Mugaritz" - Сан-Себастьян, Испани
Шоколадтай бялуу, миндаль самартай хүйтэн крем зэрэг олон цагийн хүч хөдөлмөр болон шинэхэн бүтээгдэхүүнээс бүтсэн нэрийн хоолнуудаараа алдартай уг ресторанд ахлах тогооч Андони Луис Адурис ажилладаг бөгөөд тавагласан хоол бүр нь өөгүй төгс байхад ихээхэн анхаарал хандуулдаг байна.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 6
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 10 жил



5. "Eleven Madison Park" - Нью Йорк, АНУ
“Eleven Madison Park”-ий хоолны цэс хүн тус бүрийн ойролжоогоор 195 доллар төлөхөөр багц хоолнуудтай. Швейцарь тогооч Дэниел Хамм өөрийн хоол хийх авъяасаа хошин талаас нь харуулдаг бөгөөд мах татагчаар хэрчсэн луувангийн тартараас авахуулаад аялалд авч явахад зориулсан усан үзэмтэй сагсанд хийсэн бяслаган таваг гэх мэт хоолнууд нь үйлчлүүлэгчдийг үргэлж уулга алдуулдаг байна.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 4
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 6 жил



4. "Central" - Лима, Перу
Хэдийгээр “Central” зоогийн газар Лима хотын төвд оршдог ч өөрийн гэсэн ногооны талбайтай. Энд ахлах тогооч Виргилио Мартинез төрөл бүрийн жимс, жимсгэнэ, ургамал, хүнсний ногоог шинээр туршин, тарьж ургуулдаг байна. Тэрээр перу үндэсний хоолыг олон улсын хэмжээнд гаргаж ирэхийг хичээн зүтгэдэг бөгөөд түүний цэсний гол хоол нь “Хэт өндөр” хэмээх хоол ажээ. Энэ хоол хөлдөөсөн төмс, кушуро, муллакийн үндэс, амарантаас бүрддэг байна.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 15
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 3 жил
 


3. "Noma" - Копенгаген, Дани
Ахлах тогооч Рене Редзепи бол скандинав хоолны хаан юм. Тэрээр ой болон цөөрмийн эргээс түүсэн зүйлсээ хоолондоо ашигладаг гэдгээрээ алдартай нэгэн ажээ. Түүний үйлчлүүлэгчдээ гайхашруулдаг ер бусын амтлаг цэс нийт 20 хоолноос бүрдэнэ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 1
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 10 жил 



2. "Osteria Francescana" - Модена, Итали
Массимо Боттура бол энэхүү итали зоогийн газрыг өдий зэрэгт авч яваа суут тогооч юм. “Osteria Francescana” –д үйлчлүүлэхээр орсон хэнбугай ч ямар хоолоор дайлуулах гэж байгаагаа урьдчилан мэдэх аргагүй. Боттурын шилдэг бүтээлүүдийн нэг бол “Камуфляж-ойн туулай” юм. Энэ нь туулайн цус, каштан, халуун ногоогоор амталсан маш нимгэн зүссэн галууны элэг ажээ.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 3
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 7 жил



1. "El Celler de Can Roca" - Жирона, Испани
Энэ жилийн дэлхийн шилдэг зоогийн газруудын жагсаалтын нэгдүгээр байрыг ах дүү гурвын “El Celler de Can Roca” багтжээ. Ах дүүсийн нэг болох Жоан Рок нь ахлах тогооч хийдэг бол Жозеф Рок нь дарсны мэргэжилтэн, харин Жоржи нь хөнгөн хүнсний мэргэжилтэн ажээ. Уг газрын нэрийн хоол нь “Элстэй” гриль дээр болгосон хаан сам хорхой юм байна.
- Өнгөрсөн жилийн жагсаалтанд багтсан байдал: № 2
- Жагсаалтанд бичигдсэн хугацаа: 10 жил 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()