Засмал замын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй улс орнууд

2015-08-15, 22:49
59,979

Зам засвар нь улс орны хөгжил дэвшилд голлох үүрэг гүйцэтгэх дэд бүтцийн чухал салбар юм. Өөрөөр хэлбэл зам нь тухайн улс орны хөгжлийг тодорхойлогч нэг хүчин зүйл гэж хэлж болно. Ингээд бид та бүхэндээ "Дэлхийн банк"-ны мэргэжилтнүүдийн гаргасан хамгийн чанартай, бат бөх засмал замтай орнуудын жагсаалтыг хүргэж байна.

Засмал замын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй улс орнууд


1. Герман
Ихэнхи хүмүүс Германы замыг "Европын засмал замын нэрийн хуудас" тогтсон хэм хэмжээний үлгэр жишээ хэмээн үздэг бөгөөд энэ утгаараа ч рейтингээрээ нэгт жагсаж буй юм. Тэдний зам тавих арга барилд онцгой нууц жор байхгүй. Сонирхолтой нь германчуудын тавьсан анхны засмал зам 80 жил болсон бөгөөд тэдгээрийн ихэнхийг Гуравдугаар Рейхийн үед танк явах даацыг тооцоолон барьж байгуулсан ажээ.

Германы зам тавьдаг гол онцлог нь бараг хоёр метрийн хучилттай хэд хэдэн давхаргаас бүрдэнэ. Ийнхүү зам тавихад бэлдсэний дараа дээгүүр нь нэг бол бетоноор хучиж эсвэл асфальт дэвсдэг байна. Германчууд замыг яаран барьж байгуулдаггүй, хүнд даацын бетон хатаж байх зуур замыг тусгай хальсан уутаар бүтээснээр илүү бат бөх болгодог байна.


 
Түүнчлэн зам барилгын явцад материалыг нягт нямбай шалгах бөгөөд хэрэв асфальт дэвсэх үед бороо орвол тэр хэсэг нь бүрэн хатсаны дараа л ажлаа үргэлжлүүлэх жишээтэй. Зам бүрт үйл ажиллагааны баталгаат хугацаа заагдсан байдаг бөгөөд хэрэв энэ хугацаанд эвдрэл гэмтэл, ямарваа нэгэн асуудал гарвал тухайн замыг хариуцсан компани өөрийн хөрөнгөөр засварын ажлыг ахин хийж гүйцэтгэдэг байна. 

Нэг бригад ирээд л гарсан хонхорхойг бөглөөд л болоо гэж та бодож байна уу? Гэхдээ үгүй юм. Германд ингэж халтуурдана гэсэн ойлголт бараг байхгүй бөгөөд хэрэв зайлшгүй засвар хийх шаардлага гарсан бол тэр хэсгийн бүх асфальт, бетоныг хуулж, бүрэн хучилт хийдэг байна. Дахин зам эвдрэхээс сэргийлж тэр шүү дээ. Германчууд зам барилгын ажилдаа хэмнэлт хийдэггүй. Хамгийн сайн, орчин үеийн техник, технологи, хамгийн шилдэг гэсэн материалуудыг ашигладаг байна. Үүнд ямар ч алдаа эсвэл хариуцлагагүй байдал гардаггүй бөгөөд хэрвээ гарсан тохиолдолд тухайн хариуцагчийг шүүхэд дуудах эсвэл түүнтэй ямар нэгэн хариуцлага тооцдог байна.



2. Финлянд
Скандинавын хойгийн энэ улс дэлхийн хамгийн шилдэг зам, дэд бүтэцтэй улс орнуудын айргийн гуравт багтжээ. Хэдийгээр тус улс байгалийн хатуу ширүүн уур амьсгалын бүсэд оршдог ч гэлээ зарим улсын замын компани, энэ салбарыг хариуцсан төрийн түшээдийг бодвол муу зам тавьсан буруугаа байгаль эх рүү чихдэггүй сайн талтай ажээ. Жишээ нь_ тус улс нь манай хойд хөрш болох ОХУ-ыг бодвол замын үргэлжлэх уртын хэмжээ бараг 10 дахин бага, гэхдээ чанарын хувьд хамаагүй илүү гэнэ.


 
Финчүүд Европын бусад улс орнуудын нэгэн адил замын хучилтанд онцгой ач холбогдол өгөх бөгөөд төрөл бүрийн материалыг ашигладаг байна. Мөн одоо тус улс тогтворгүй хөрснөөс болоод чанартай зам тавих боломжгүй байсан зарим бүс нутгуудад гол анхаарлаа хандуулаад байгаа ажээ. Үүнийг орчин үеийн технологи, материалуудын хүчээр шийджээ. Хөрсийг ерөнхийд нь тогтворжуулах хэмээн нэрлэгдээд байгаа энэ шинэ арга нь хүлэр болон шаварт тусгай бодис нэмэх журмаар зам тавих талбайг илүү бат бөх болгодог технологи юм байна. Түүнээс гадна шороон замуудыг ч дээрх аргаар засахад анхаарч байгаа ажээ.



3. Хятад
Харин манай урд хөршийнхөн ч Европынхноос дутахааргүй сайн зам тавьдаг байна. Хятадын зам барилгын ажлын гол онцлог нь зөвхөн чанарт ч биш мөн хурд авах чадварт ч гол анхаарлаа хандуулж байгаа ажээ.



4. АНУ
Олон талт сэлгээт болон үргэлжилсэн хурдны зам бол АНУ-ын дүр төрхийг илтгэнэ. Хамгийн сонирхолтой нь эдгээр замуудын ихэнхи нь олон 10 жилийн турш нэг ч засвар хийгдээгүйд оршино. Нууц нь юундаа байна вэ? Үнэндээ бол үүнд нууц гээд байх зүйл үгүй бөгөөд АНУ-ын ихэнхи замууд бетоноор хийгдсэнд байгаа юм. Анхны бетон зам 1930-аад оны үед баригдсан бол анхны бетон хучилттай хурдны зам 1951 онд нээлтээ хийж байжээ.


 
Яагаад асфальт биш заавал бетон гэж? Хэдийгээр ийм төрлийн зам барилгын ажил нь цаг хугацааны хувьд илүү зардалтай үйл явц ч гэлээ материалын бөх бат чанар, удаан эдэлгээ, ачаалал даах чадвар, ачааны машины жинг харгалзан үзсэний үндсэн дээрээс сонгосон нь илт. Энд сануулахад ачааны машины даралтын жингээс болж шинэ замууд удалгүй энд тэндээ овойж, гүнзгий нүх үүсдэг шүү дээ. Харин бетон хучилтын хувьд энэ асуудлаас зайлсхийхэд тус болдог байна. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний сөрөг тал бий.


 
Олон 10 жилийн хугацаанд элэгдэж муудсан замын давхаргыг засахад их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулагдана. Учир нь жирийн хонхорхой бөглөж байгаа засвар энэ тохиолдолд ямар ч үр дүнгүй ажээ. АНУ-д зам барилгын ажлын бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд олон тооны ачааны машины идэвхитэй хөдөлгөөнд оршино хэмээн тооцоолж хийдэг байна. Зам тавих газрыг нэг метр гүнзгий ухаж хайрга, элс, шавар гэх мэтээр давхарга үүсгэн дүүргэх бөгөөд тухай бүр дээр их хэмжээний ус, шохойн уусмал асгаж өгдөг нь  давхарга, дүүргэлтийн материалууд холилдсоны дараа чийгээ барихад тусалдаг байна.

 
Үүний дараа замын хучилт руу чийг орохоос сэргийлэх журмаар 5-7 см зузаантай асфальтан давхаргаар хучиж, дээр нь бетоноор жигд хучилт хийдэг байна. Барилга барихад ашигладаг 16 мм-ын арматурыг замд ч ашиглах бөгөөд энэ нь бат бөх чанарт нөлөөлөх ажээ.


 
Арматурыг зангидсаны дараа замын ажилчид бетон цутгалтын ажлаа эхэлдэг байна. Америкчууд зам тавихдаа бетоны чанарт хяналт тавьж, цутгалт хийх үедээ тусгай шалгуурын цилиндрийг суурилуулдаг байна. Хэрэв үр дүн хангалтгүй гарвал бүх замын бетоныг сольдог гэнэ. Одоогийн байдлаар дээрх туршлагыг Хятад, Япон, Австрали гэх зэрэг хөгжингүй улсууд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд бетон хучилттай хурдны замын эдэлгээний баталгаат хугацаа 25 жил байдаг ажээ. Дашрамд дурдахад 2015 оны наймдугаар сарын эхээр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд замын бетонон технологи руу шилжих санааг дэмжсэн байна.



5. Япон
Наран ургах зүгийн Япон улсад ч мөн бетон хучилтыг замын үндсэн материал болгон ашиглаж байна. Чухам бетон хучилт л салаа, сүлжээгээрээ гайхагдах олон сэлгэлт зам тавих боломжийг олгож байгаа хэрэг. Зам барилгын төсөл болон тавих ажилд маш олон мэргэжилтнүүдийн хамтарсан баг оролцох бөгөөд бүгд тус тусын хэсгийг хариуцдаг байна.


 
Түүнчлэн замын бэлтгэл ажилд хамгийн их цаг хугацааг зарцуулж, тавих замынхаа нарийвчилсан план зураг боловсруулалт дээр онцгой анхаардаг. Хэрэв зам тавихад ашиглах хэсэг газар хувь хүний өмчид харъяалагдаж байвал хуульчид болон төрийн түшээд газрын эзэнтэй худалдаж авах талаар гэрээ хэлэлцээр хийдэг байна. Японы зам тавих үйл явц, технологи нь ерөнхийдөө АНУ-ынхтай ижил гэнэ.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()