АШУҮИС-ийн сувилахуйн сургуулийн багш, хүүхдийн эмч Ц.Ганцэцэг: Живхний талаарх ээжүүдийн ойлголт янз бүр байдаг

2015-07-31, 17:53
4,602
Хүүхэд анх төрсөн цагаас л эхлэн эцэг, эхчүүд бид цоо шинэ аялалд гардаг. Дөнгөж амаржсан  ээжүүдэд бүх зүйл нь анхных байдаг. Тэгвэл бид нярайн хамгийн анхны хэрэглээ болсон живхний талаар нэгдсэн ойлголт, зөв хэрэглээний талаар тусгайлан тодруулахыг зорьсон юм. Асуултуудын маань хариултыг дуртайяа хэлж өгсөн АШУҮИС-ийн сувилахуйн сургуулийн багш, хүүхдийн эмч  Ц.Ганцэцэгийн ярилцлагыг хүлээн авна уу:
АШУҮИС-ийн сувилахуйн  сургуулийн багш, хүүхдийн эмч  Ц.Ганцэцэг: Живхний талаарх ээжүүдийн ойлголт янз бүр байдаг


Хоёулаа уншигчдад цэгцтэй ойлголт өгөхийн тулд бүр эхнээс нь буюу дөнгөж төрсний дараагаас л эхлэе гэж бодлоо. Живх бол нярайн хамгийн анхны хэрэглээ. Живхний талаарх таны бодол?
-Живх хэрэглэснээр ээжүүдийн ажил хөнгөвчлөгдөж, цаг хэмнэнэ.  Хүүхэд төрснөөс хойш 28 хоног хүртэлх үеийг нярай буюу нялзрай гэж нэрлэдэг. Харин  29 дэх хоногоос 1 нас хүртэлх үеийг хөхүүл үе гэдэг. Эцэг эхчүүд маань үүнийг төдийлөн ялгадаггүй тал ажиглагддаг шүү. Нярай үе хамгийн чухал учраас анхнаас нь тохирсон живхийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Нярай үедээ хүүхэд өдрийн ихэнхийг буюу гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг учраас тайван нойрсох нь чухал юм.

Тийм шүү. Нярайн асаргаанд живхний хэрэглээ гэсэн том зүйл бий. Дөнгөж төрөөд хар баас нь гарахаас эхлээд л живхийг хэрэглэж эхэлж байгаа нь ер нь зөв үү?
-Живхийг мэдээж төрсөн цагаас нь эхлэн хэрэглэж болно.

Гадуур зарагдаж байгаа маш олон төрлийн живхнүүдээс хүүхэддээ тохирохыг нь хэрхэн сонгох вэ?
-Хүүхдийн эмзэг арьсанд байнга хүрч байх хамгаалалт бол живх. Тиймээс аль болох хөвөн зөөлөн материалтай, агаар сайн нэвтрүүлдэг живх сонгохыг зөвлөж байна. Учир нь материал нь хөвөн зөөлөн байснаараа, агаар нэвтрүүлснээрээ хүүхдийн арьс нэгдүгээрт улайхгүй, хоёрдугаарт харшлахгүй. Нярай өөрөө хөдөлж байрлалаа өөрчилж чадахгүй учраас биед нь эвтэйхэн, шээхэд нь зузаарч бөөгнөрөхгүй бол бүр л сайн. Одоо үед эрэгтэй, эмэгтэй хүүхдэд тусгайлан зориулсан живх гэж хэдийнэ гарчихсан байгаа шүү дээ. Хоёр өөр янзаар шээж байгаа болохоор тус бүрт нь тохирсон байх нь зүйтэй юм.

Тэгвэл хэрэглээний тал дээр...
-3-4 цаг болоод солих зайлшгүй хэрэгтэй. Харин хүндээр бие засвал тэр дор нь солино. Ер нь нярай өдөрт 20-25 удаа 10-15мл хэмжээтэйгээр шээдэг. Энэ бүрт живх бол ердөө нэг удаагийн хэрэглээ гэдэг талаас нь харж, нярайг аль болох тухтай байлгах үүднээс цагийн хуваарийн дагуу сольж байх нь чухал.

Нярай хүүхдийг ийм олон шээдэг гэж мэдээгүй юм байна шүү. Томрох тусмаа жин нь нэмэгддэг. Тэр хэрээр живхээ бас томруулах хэрэгтэй байх. Яг энэ үед нь анхаарах зүйл байна уу?
-Томрох тусам шээх тоо багасч, хэмжээ нь ихсээд ирнэ. Ийм олон удаа шээдэг учраас живх нь хүүхдийн арьсыг хуурай байлгаж байгаа ач тустай юм л даа. Томрох тусам шээсний хэмжээ ихэсдэг учир цаг тухайд нь живхний хэмжээг томруулах хэрэгтэй байдаг. Живхийг сольсны дараа хүүхдийнхээ бөгсийг усаар угаах эсвэл чийгтэй цэвэр даавуугаар арчиж цэвэрлээрэй. Спиртийн холцьгүй, элдэв үнэргүй нойтон салфетка ч болно.

Нэг сонгосон живхээ дагнан хэрэглэх ёстой юу?
-Анхны живхээ зөв сонгосон тохиолдолд яг л тэр живхээ живхнээс гартал нь хэрэглэх нь чухал. Хүүхдийн эрүүл мэнд, амар тайван нойрсох, тав тухтай байх нь живхнээс ихээхэн хамааралтай учраас элдэв өөр живх өмсүүлж, туршилтад оруулах хэрэггүй гэж зөвлөх байна. Бэлгэнд ирсэн, найз маань хэрэглээд үзээрэй гэж хэлэхээр нь өмсүүлчихсэн чинь улайлт өгчихлөө, харшчихлаа гэсээр эмчид ханддаг. Улайлт, тууралт эдгэтлээ хүүхдэд ямар зовиуртай байдаг тухай өөрсөд дээрээ л төсөөлөөд үзэх хэрэгтэй. Нойтон, чийгтэй, муу материалтай дотуур өмд удаан өмсчихөөд тайлж чадахгүй байгаатай агаар нэг шүү дээ. Тиймээс живхний зөв хэрэглээнд маш анхааралтай хандах нь чухал юм. Дахин хэлэхэд, живх бол ердөө нэг удаагийн л хэрэглээ. Шээмэгц нь, хүндээр бие засмагц тэр дор нь солих зориулалттай эд шүү дээ. Шингээлт сайтай л гэдэг. Хэчнээн тийм байлаа гээд 6 цаг, 12 цаг нэг живхтэй нь байлгаж болохгүй. Ядаж л шээсний хор нь ууршина, улмаар хүүхдийн эмзэг арьсыг түлнэ гэдгийг эцэг, эхчүүд сайтар ойлгох хэрэгтэй.

Бас нуралт гэж асуудал байдаг шүү дээ. Энэ нуралтаас сэргийлэх зөвлөгөө өгөөч!
-Нярай хүүхдийн арьс том хүнийхээс хоёр дахин нимгэн байдаг. Тийм болохоор ерөнхийдөө улаан харагдаж, амархан нуралт үүсдэг. Хүзүү, чихний ар, тохойны дотор тал, цавь гэх мэт нугалаастай хэсгүүдээр нуралт үүсч улайж үрэвсэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд нярайг өдөр бүр усанд оруулах эсвэл нуралт үүсч болзошгүй газруудаар хэсэгчилсэн угаалга хийж байнга хуурай, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Тэгээд хүүхэддээ тохирсон тос, тальк түрхэж өгөөрэй.

Зөвлөгөө өгсөн танд баярлалаа


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.