Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд холбогдох зарим баримтуудаас...

2015-05-10, 02:10
15,180
Өнөөдөр буюу 5-р сарын 9-ний Бямба гарагт, дэлхийн II дайны гол хэсэг буюу Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг дэлхийн олон улс оронд, түүний дотор ОХУ-д өндөр хэмжээнд ёслон тэмдэглэж байна. Дэлхийн II дайны хөлд нийт  60 гаруй улс их бага ямар нэг хэмжээгээр нэрвэгдэж, түүнд 70-аад сая хүний алтан амь үрэгдсэн байдаг.
Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд холбогдох зарим баримтуудаас...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27(?) сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал  шатаж, нурж сүйдсэн гэдэг тоо бий. Тэр дайнд амь үрэгдсэн гурван хүн тутмын хоёр нь эгэл жирийн ард иргэд, хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд байсан гэдэг юм.











Энэ жил Ялалтын 70 жил буюу тэгш ой тохиож байгаа тул ОХУ-д ёслолын арга хэмжээ нь хамрах хүрээ, далайцын хувьд урьд урьдынхаас хавьгүй өргөн хэмжээнд, сүр дуулиантай болох нь тодорхой. Нөгөө талаас, энэ баяраар дэлхийд цэрэг зэвсгийн хувьд хүчирхэг гүрний нэг болох ОХУ орчин үеийн шинэ шинэ загварын хүчирхэг зэвсэг техникээ үзүүлж, цэргийнхээ сүр хүчийг дэлхийд сурталчлан харуулах боломж ч бас бүрдэнэ.



Хэвлэл мэдээллээс үзэхэд, энэ баяраар нийтдээ ОХУ-ын 9 баатар хот, өөр 17, нийт 26 томоохон хотод цэргийн парад хийхээр бэлтгэжээ. Ялалын 70 жилийн ойн энэ баярын парадад ОХУ-ын 16 мянга гаруй цэргийн алба хаагч, 21 загварын  194 нэгж байлдааны техник, 28 бүлгээр зохион байгуулагдсан 143 нэгж байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох юм байна.

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох Ялалтын 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд гадаадын 30-аад орны төрийн тэргүүн, НҮБ, ЮНЕСКО зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагын дарга, удирдлага, бас ОХУ-ын муж, хязгаар бүрээс дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл, мөн гадаадын 23 улс орноос ахмад дайчдынх нь төлөөлөл очиж оролцох ажээ.

Ялалтын баярын энэ парадад Азербайжан, Армен, Белорус, Казакстан, Киргиз, Монгол, Серби, Тажикстан, Хятад, Энэтхэг улсуудын Зэвсэгт хүчний төлөөлөл болох 700 гаруй цэргийн алба хаагч оролцохоор болжээ.



Цэргийн парадын түүхээс:
Цэргийн сүрт жагсаал буюу бидний хэлж заншснаар цэргийн парадыг эртний Египт, Перс, Ромд дайн байлдааны ялалтын дараа хийж, түүгээрээ ард олондоо ялсан цэргийнхээ сүр хүчийг бахархан харуулж, ялалтаа тэмдэглэх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болгож байжээ. Энэ нь цаашдаа, XVIII зуунаас эхлэн бусад улс оронд тархаж уламжлал болсон байна.

Орчин үед цэргийн ёслолын ийм арга хэмжээ нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүний батлан хамгаалах, цэрэг армийн хөгжлийн түвшин, хүч чадлыг дотоод гадаадад сурталчилж харуулахыг урьтал болгодог гэхээсээ илүүтэй, эх орныхоо төлөө амиа өгсөн хүмүүсээ эргэн дурсах, дайнд оролцсон ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, ахмад үеийнхээ цэрэг-эх оронч үзэл, хөдөлмөрч, дайчин уламжлалыг ард түмэндээ, ялангуяа залуу хойч үеийнхэндээ өвлүүлэн төлөвшүүлж үлдээхэд бодитой нөлөө үзүүлэх зорилгоор хийдэг тайван цагийн чухал ач холбогдолтой зүйл байдаг гэж ойлгох нь зөв юм.


ОХУ-ын Улаан талбайд  цэргийн парад хийж ирсэн түүхээс:
Зөвлөлт засгийн үеийн хамгийн анхны парадыг 1918 оны 5-р сарын 1-нд “Майн баяр”-аар хийсэн түүхтэй юм байна. Дараа нь тэр жилдээ буюу 1918 оны 11-р сарын 7-нд Октябрийн хувьсгалын анхны ойгоор Улаан талбайд цэргийн парад хийснээс хойш 1990 он хүртэл бараг тасралтгүй, зөвхөн Октябрийн баяраар парад хийж байжээ. Бараг гэдэг нь дэлхийн II дайны дундуур, 1942-1944 онд 3 жил парад хийгээгүй юм байна.

Улаан талбайд Ялалтын баярын анхны парадыг 1945 оны 6-р сарын 24-нд хийсэн түүхтэй. Анхны тэр парадыг ЗХУ-ын маршал Рокоссовский командалж, парадыг ЗХУ-ын маршал Г.К.Жуков Улаан талбайд цагаан морьтой гарч ирж хүлээж авч байсан түүхэн кино зураг байдгийг  манай уншигчид санаж байгаа байх. Ялалтын баярын анхны тэр парадыг ингэж 1945 онд хийснээс хойш бүтэн 20 жилийн дараа буюу 1965 онд ялалтын 20 жилийн ойгоор, түүний дараа дахин 20 жил завсарлаад 1985 онд ялалтын 40 жилийн ойгоор, бас дараа нь 10 жилийн дараа 1995 онд ялалтын 50 жилийн ойгоор цэргийн парад хийсэн сонин түүхтэй юм.

Сүүлийн жилүүдэд Ялалтын баяраар цэргийн парад тасралтгүй хийж ирснээс 2005 онд Ялалтын 60 жилээр, 2011 онд Ялалтын 65 жилийн ойгоор хийсэн цэргийн парад томоохонд тооцогддог. Тэр баярын арга хэмжээнд манай улсын төр засгийн өндөр дээд албаны зочид төлөөлөгчид уригдан оролцож байсан юм.



Улаан талбайн тухай товчхон:
Түүхээс сөхөж үзвэл, XII зууны дунд үед Оросын хаан Юрий Долгорукий анх Москва хотын суурийг тавьж, хотын хамгаалалтын зориулалтаар модон хэрэм буюу Кремлийг байгуулсан түүхтэй юм байна. XV зууны сүүлч хүртэл зөвхөн худалдаа арилжааны зах байсан энэ газар XVI зуунаас ард олны дунд “красна площадь” буюу “сайхан талбай” гэсэн утгаар нэрлэгдэж байгаад XVII зуунд, 1661 онд “Улаан талбай” хэмээн албан ёсоор нэрших болжээ.

Кремлийн хана эргэн тойрондоо нийт 19 цамхагтай, хананых нь нийт урт  2км 235м, газрынх нь онцлогоос шалтгаалж хананы өндөр нь зарим газраа 5-19 м, зузаан нь 6,5м хүрдэг байна. Улаан талбай хэмжээний хувьд нилээд урт, гонзгой дөрвөлжин маягийн хэлбэртэй, ойролцоогоор, урт нь 300м, өргөн нь 100м буюу 30 000 х.д.м (3га) орчим талбай эзлэн оршдог.  Ертөнцийн зүгээр, Улаан талбайн төв хэсгийн баруун урд талд нь Кремлийн цогцолбор, баруун хойд талд нь ОХУ-ын түүхийн музей, зүүн хойд талд нь ГУМ буюу улсын их дэлгүүүр, зүүн өмнө хэсэгт нь Василий Блаженны сүм байдаг. Оросоор “брусчатка” гэж нэрлэдэг, дунджаар 20х30см хэмжээтэй адилхан дөрвөлжилж зассан чулуугаар 1930-аад онд Улаан талбайг дэвсэн хээлж, шигтгэж бүрсэн байна.

Улаан талбай Москвагийн Кремлийн хамт бүхэлдээ, бүх дэлхийн түүх дурсгалын нандин өвийн сан хөмрөгт бүртгэлтэй, ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг газар юм.

Улаан талбай дээр 1953 онд В.И.Лениний бунхан, түүний хоёр талаар нь хүндэт зочдын суудлыг төхөөрөмжилж, хожим ар талаар нь тэр үеийн ЗХУ-ын нас барсан удирдагчдын цээжин барималуудыг босгож, Кремлийн хананд нь ЗХУ-ын нас нөгчсөн удирдагчид, цэргийн нэрт жанждын чандрыг байрлуулдаг байснаа 1985 оноос хойш больжээ.



Монгол Улсад цэргийн парад хийж ирсэн түүхээс:
Манай улсад цэргийн анхны парадыг жажин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын хувьсгалын анхны жил, 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд хийсэн түүхтэй юм байна. Ийм арга хэмжээг цаашид тасралтгүй явуулж байгаагүй боловч 1971 онд Ардын армийн 50 жилийн ойгоор, 1981, 1986, 1991 онуудад Ардын хувьсгалын 60, 65, 70  жилийн ойгоор цэрэг-техникийн парадыг явуулж байсан байна. Социализмын үед Ардын хувьсгалын ойн баяр наадмын тэгш ойн жилүүдэд цэрэг-техникийн, харин ойн бусад жилүүдэд зөвхөн цэргийн алба хаагчдын ёслолын явган жагсаал, түүнчлэн Октябрийн хувьсгалын тэгш ойн баяраар буюу тухайн жилийн 11-р сарын 7-нд цэргийн парад хийдэг байжээ.

Цэргийн парадыг 1991 оноос хойш хийлгүй 5 жил болсны дараа 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг удаа зохион байгуулсан байна. Түүнээс хойш есөн жил завсарласны дараа 2005 онд, мөн дараа нь 2009 онд  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх ёслолын үеэр Зэвсэгт хүчний анги байгууллага, Хил хамгаалах еренхий газрын болон Дотоодын цэргийн ангиуд оролцсон цэргийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан нь ард иргэд, хүүхэд залуусын талархлыг хүлээсэн ач холбогдолтой арга хэмжээ болжээ.

Хожим, Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн дөрвөн том тэмдэглэлт ой давхацсан 2011 оны зун цэргийн парад хийсэн түүхтэй бөгөөд, одоо, сүүлийн жилүүдэд Монгол Улсын төрийн далбааны өдөр буюу жил бүрийн 7-р сарын 10-ны өдөр цэргийн ёслолын явган жагсаал  хийдэг уламжлал тогтоод байна.



ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Ялалтын парад командлагч хоёрын намтраас:
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу нь ОХУ-ын Тува Улсын  Чадан хэмээх хотод 1955 оны 5-р сарын 21-нд төржээ. С.Шойгу ОХУ-ын Онцгой байдлын сайдаар 1991-2012 оны хооронд 21 жил тасралтгүй ажилласан хүн юм.

Тэрээр сайдын албыг ингэж тасралтгүй хашсан хугацаагаараа ОХУ-д үнэмлэхүй рекорд тогтоожээ. Түүнчлэн тэр 2012 онд Москва мужийн губернатор буюу амбан захирагчийн албыг давхар хашиж байсан юм байна. Шойгу 2012 оны 11-р сараас ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байна. Сергей Шойгу ОХУ-ын баатар, армийн генерал цолтой. Тэрээр ОХУ-ын “Единая Россия” буюу “Нэгдсэн Орос” намын дээд зөвлөлийн гишүүн бөгөөд түүнийг үндэслэн байгуулагчдын нэг юм.

Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн  ойн баярын парад командлагч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Оле́г Леонидович Салюков 1955 оны 5-р сарын 21-нд ОХУ-ын Саратов хотод төржээ.

Сонирхолтой нь, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Ялалтын 70 жилийн ойн парад командлагч энэ хурандаа генерал хоёр чацуу, 1955 оны 5-р сарын 21-нд,  яг нэг өдөр төрсөн, баярын дараа 12 хоноод энэ хоёр генералын төрсөн өдөр нь болж, хоёулаа  60 нас хүрэх юм байна.

Хурандаа генерал Олег Салюков  цэргийн гурван шатны сургууль төгссөн, ОХУ-ын Зэвсэгт хүчинд бүх шатны албан тушаалд дэвшин ажилласан генерал юм. Тэрээр 2008-2010 онд манай улстай хил залгаа Алс дорнодын цэргийн тойргийн командлагч, 2010-2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга байсан бөгөөд 2014 оны 5-р сараас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчаар томилогджээ.



БНМАУ ба Аугаа их Эх орны дайн:
Аугаа их Эх орны дайн эхэлсэн 1941 оны 6-р сарын 22-ны өдрөөс эхлэн тэр дайныг дуусан дуустал, улс орноо бүхэлд нь дайны байдалд шилжүүлж,  “Бүхнийг фронтод!”,  “Бүгдийг ялалтын төлөө!” гэсэн уриан дор ард түмнээ нэгтгэж, тусламжийн хөрөнгө мөнгө, эд материал, бэлгийн зүйлийг хуримтлуулах ажлыг орон даяар өрнүүлж, Зөвлөлтийн ард түмэнд чадах чинээгээрээ, тусламж дэмжлэг үзүүлж, хамтдаа байсан цорын ганц орон бол өнөөгийн Монгол Улс буюу тэр үеийн БНМАУ байсан юм. Дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний тусламжийн хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нэртэй нисэх онгоцны эскадриль байгуулагдсан. Түүнчлэн монголчууд хагас сая агт сайн морьдоо фронтод илгээсэн байдаг.

Эх орны их дайны үед Монголын ард түмнээс ЗХУ-д үзүүлсэн тусламж гадаадын улс орнуудаас үзүүлсэн нийт тусламжийн гуравны нэг нь болсон, дайны галын шугаманд найдвартай тээврийн хэрэгсэл, уналга болж байсан таван агт тутмын нэг нь монгол морь байсан тухай, тэр үеийн Зөвлөлтийн армийн дайчдын өмсч байсан таван шинель тутмын нэгийг монгол хонины ноосоор хийж байсан тухай баримтат кино ч саяхан гарчээ. Мөн, фронт дээр байлдаж байгаа цэргүүдийн хэрэгцээнд зориулж  олон зуун тонн хүнсний зүйл, дулаан нэхий дээл, эсгий гутал зэрэг эд зүйлс, материал хэрэгслийн бэлгийг ачааны галт тэрэгний 6 удаагийн цуваагаар ЗХУ-д хүргэж өгч байсан гээд дайны ялалтад монгол түмэн боломжийнхоо хэмжээгээр тусалж байсан сайхан түүх бий.

Эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмнээс ЗХУ-д үзүүлсэн тусламжийн хэмжээг тэр үеийн БНМАУ-ын хүн амын тоо, ард иргэдийнх нь цалин хангамж, амьжиргааны түвшинтэй нь холбон авч үзвээс, үнэхээр “Зовох цагт нөхрийн чанар танигддаг”,  “Өгье гэвэл ганцаасаа” гэдэг үг өөрийн эрхүй санагдана. Тийм ч учраас, Аугаа их Эх орны дайны Ялалтын энэ түүхт 70 жилийн ойгоор манай хойд их хөрш - ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд нүүр бардам бөгөөд ихэмсэгээр хөл тавих эрхтэй хүмүүсийн нэг бол Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл гарцаагүй мөн билээ.



Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөллийн тухай товчхон:
ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох Ялалтын 70 жилийн ойн энэ  баярын парадад оролцох, дээр дурьдсан гадаадын 10 орны цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал, парадын эхэнд, түүхэн хэсэгт нь багтаж явах юм байна.


Тэнд манай Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөллийн жагсаалыг Зэвсэгт хүчний 032-р ангийн захиарагч, төрийн хонжин, хурандаа Л.Батболд командалж, Монгол Улсын төрийн далбааг мөн ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Баярцогт  залж алхах юм. Энд нэг зүйлийг зориуд онцлон тэмдэглэхэд, энэхүү парадад оролцож байгаа манай цэргийн залуусын дотор хугацаат цэргийн албанд ирээд ганцхан жил болж байгаа түрүүч Б.Гантулга, Г.Сэр-Од, Г.Мөнх-Эрдэнэ, дэд түрүүч О.Гүен, байлдагч Б.Загдаа нар явж байгааг дурьдахад таатай байна. Тэд монголын оюутнууд болон цэргийн насны, үеийнхээ залуусын бахархал, үлгэр дууриалал болох нь тодорхой.

Аугаа их Эх орны дайны түүхт ялалтын 70 жилийн ойн өдрөөр манай хойт их хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын, дэлхийн соёлын хосгүй өвийн санд бүртгэлтэй Кремлийн Улаан талбайгаас Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгах хувьтай Зэвсэгт хүчнийхээ төлөөлөл болсон тэдгээр залуустаа амжилт хүсье.

Монгол Улсынхаа нийт ард түмэнд Ялалтын баярын мэнд хүргье.
Бригадын генерал, доктор (Ph.D) М.Хүрлээ

Видео бичлэг.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()