Зул сарын үдэш

2012-12-25, 18:16
16,243
12 сарын 24. Зул сарын баярын өмнөх орой. Өнөө орой зул сарын баяр албан ёсоор эхлэнэ. Хүмүүс баярын зоог, бэлэг сэлтээ бэлдээд хотын төвөөр завгүй л гүйцгээнэ. Энэ үдэш бол гэр бүлийн баяр. Удаан уулзаагүй хамаатан садан, найз нөхөдтэйгээ мэдчилэх сайхан үдэш. Зарим айлууд бэлгээ энэ орой задлана харин баяцхан  хүүхдүүд маргааш өглөөг хүртэл хүлээнэ дээ. Өвлийг өвгөн аав тэднийг унтаж байхад нь яндангаар гэрт нь ороод зул сарын модных нь доор өнгө алагласан цаасанд боосон бэлэг тавих болно. Нойрон нь хулжсан, бэлэгээ авахыг тэс ч ядсан тэд энэ шөнийг  арай ядан өнгөрөөнө. Энэ үдэш айл болгоны хойморт дуу хуур, инээд хөөр цалгилах болно. Сүмийн хонх цангинан баяр эхэлснийг зарлана
Зул сарын үдэш

Ажил өнөөдөр 21 цаг гээд л тарчихлаа. Баярын үдэш гээд хамт ажиллагч нарын сэтгэл нь хөөрчихсөн бараг л ажил хийсэнгүй. Баярын мэнд бие биендээ хүргэн, зул сарын дуу дуулан өдөр өнгөрүүлэв. Өнөө орой хэнтэй баяраа өнгөрүүлэх вэ гэж асуухад нь бардам зангаараа, өрөвдүүлэхгүй гэсэндээ найз нартайгаа баярланаа гээд худлаа хэлчихсэн. Гэвч үнэндээ өнөө орой миний хувьд энгийн нэгэн үдэш байх болно. Умгар жижигхэн өрөөндөө ороод  аяга шөл хийж идээд л орондоо орондоо. Ямар монголчууд  зул сарын баяр тэмдэглэдэг биш гэж өөрийгаа зөвтгөөд гэрийн зүг алхлаа. Хотын төвд үзэгдэх харагдах хүнгүй нам жим. Хааяахан зөрөлдөх хүмүүс баярын хоолноос хоцрохгүй шүү гэсэн шиг яааран алхална.  Гэрэлтэй айлуудын цонхыг хараад атаархмаар. Амтат дарс, цацагт хяруулын мах, галууны элгээр хийсэн нухаш, бялуу гээд л амттай бүхнээр ширээгээ дүүргэсэн байгаа даа. Өнөө оройг яг тэдэн шиг өнгөрүүлэхийг хүсэвч хэнийдээ очих билээ дээ би.

                Гэрэлтэй гудамжаар алхсаар хотын захаас гарах зуур, том дэлгүүрийн хана налан зогсох хүний дүрс анхаарал татав. Ойртон харвал өдөр болгон л таардаг нөгөө л орон гэргүй гудамжны нэгэн бололтой. 50 аад насны гэмээр, гарандаа тор барьсан өвгөний дүрс гудамжны гэрэлд тодрон харагдана. Нүүрнийх нь үрчлээсэнд гэрэл тусан авъастай нэгний зурсан хөрөг гэмээр. Хэдэн сар угаагаагүй гэмээр үс нь ийш тийшээ арзайгаад аймшгийн баярын гоёл шиг. Гэрэлд хоёр нүд нь гялалзан үлгэрийн амьтан аятай.  Зоос нэхэх байхдаа гэж дотроо бодоод хажуугаар нь өнгөртөл юу ч хэлэхгүй хөдөлгөөнгүй зогсоно. Зоос гуйх чадваргүй болтлоо архидаж дээ гэж бодоод холдон алхах зуур өрөвдөлтэй санагдлаа. Надтай адилхан зул сарын баярыг ганцаараа үдэж байгаа нэгэн. Орон гэргүй тэрээр энэ шөнийг ганцаараа эзэнгүй энэ гудамжинд өнгөлүүлэх болно. Би ч яаахав ядаж л умгар жижиг өрөөтэй хүн. Би гудамжны хүмүүст мөнгө өгдөггүй, таарах болгондоо хурдан хурдан алхлан аль болох холуур яавахыг хичээдэг. Гэвч өнөөдөр энэ хүнтэй ярьмаар, зүгээр л юм ярьж хань татмаар.  Түүнтэй хэдэн үг солихоор шийдэн будаад алхлаа.

                Сайн байна уу гэж мэндлээд гараа сунгатал гайхсан янзаар намайг жаал ширтэсэнээ гар барив.  Зул сарын мэнд ноён хэн бэ? Миний нэр Хуго гэж тэрээр танихгүй хүнээс айсан хүүхэд шиг хариулав. Хэлэх зүйл олдохгүй жаал зогссоны эцэст би түүнд шөнийн дэлгүүрээс жаал жуул юм аваад сүмийн урд талын сандал дээр хамт суухыг санал болговол толгойгоо дохин жаахан хүүхэд шиг баярлах нь өлсөж байгаагийн шинж байлаа. Бидний нэрлэж жаншсан Харуудын буюу африк хүмүүсийн ажиллуулдаг шөнийн дэлгүүрээс өөр онгорхой газар алга ажээ. Хугоог хүссэн зүйлээ сонго гэтэл итгэж ядсан харцаар намайг ширтсэнээ улаан дарс, шарсан төмс бас жигнэмэг авав. Би дээрээс нь хоёр жижиг ууттай чихэр нэмээд тооцоогоо хийх зуур худалдагч хар залуу биднийг гайхсан янзаар хялалзана.  Цэвэрхэн хувцасласан ази охин, гудамжны тэнүүлч хоёр сонин харагдаж байгаа нь ойлгомжтэй тэр тусмаа зул сарын энэ орой.

                Сүмийн урд талын сандал эзэнгүй байлаа. Католик сүм дотроос уяангалаг хоолой цангинан зул сар, Есүсийн тарсөн өдөрийг алдаршуулна. Хуванцар аянганд  дарсаа аяглаад зул сарын дуу сонсон жаал суулаа. Дарс уусаны дараа, Хуго амь орсон юмуу гэмээр амаа нээв. Миний хаанаас ирсэн, юу хийдэг, монгол улсын тухай жаал асууж хөөрөлдсөний эцэст би түүнээс яагаад гудамжинд гарсан тухай асуугаад амжив. Ам нээлгүй жаал суусны эцэст тэрээр амьдралынхаа түүхээс надтай хуваалцсан юм.

                Түүний нэрийг Хуго Лэгранд гэдэг, тэрээр 48 настай. Францын Лион хотод энгийн нэгэн айлын хүү болон төрсөн. Тогоочын мэргэжлээр сургуулиа төгсөөд зоогийн газар ажиллаж эхэлжээ. 28 насандаа амьдралынхаа туршид хайрлах хүнтэйгээ учирч гэрлэн Мэганэ гэдэг охинтой болж. Тэд бусад гэр бүлийн адил жирийн л нэг гэр бүл байлаа. Зул сарын баяраар гэрээ найз нөхөд, хамаатан саднаараа дүүргэн бусдын адил охиндоо бэлэг бэлдэн өвлийн өвгөн аав болон гүйдэг нэгэн байж. Тэрээр эхнэр Софи доо маш их хайртай, үргэлж л түүний хүссэн зүйлийг нь хийдэн байсан аж. Эхнэр нь их дэлгүүрүүдээс олгодог зээлээр хүссэн бүхнээ л авдаг байлаа: шинэ зурагт, тавилга, хувцас гээд л. Хуго тэр хоёр бас урт хугацааны зээлээр байр авч гэнэ. Тэдний амьдрал сайхан байлаа. Бүх зүйлс элбэг дэлбэг. Тэрээр эхнэртээ гэр бүлийн эдийн засгийн байдлаа даатгаад өөрөө бодох санах юмгүй олон жилийг өнгөрөөж. Гэвч нэг л өдөр бүх зүйлс оронгоороо эргэж гэнэ. Зээлийн байгууллагийн ажилтангууд ирээд байрыг нь хураан авч гудамжинд гаргаад хаячихаж гэнэ. Энэ явдлаас гурван өдөрийн дараа эхнэр нь салах бичиг баримт сугавчлан ирээд гарын үсэг зурахыг шаардах болж. Юу болж байгааг ч үл ойлгосон тэрээр архи уун орогнуулж байсан найзынхаасаа хөөгдөөд ажилдаа ч явалгүй энэ тэнүүгээр хоноглож байр зуур эхнэр нь элдэв янзаар шалтаг тоочин шүүхээр гэрлэлтээ цуцлуулаад мөн архи ууснаар нь шалтгалан охиноо аваад алсын Канад улс руу одож гэнэ. Тэрээр байгаа бүхнээрээ л архи ууж, сүүлчийн зоос хүртлээ. Ажилаасаа халагдаад хэдхэн сарын дотор хүн танихын аргагүй өөрчлөгдөж. Гудамжаар гэрээ хийн, гуйж олсон хэдэн зоосоор архи олж уугаад,тусламжийн байгууллагийн төвд хааяахан очиж хоол олж идээд усанд ордог гэнэ. Ядаж л тусламжын байгууллага байгаа нь яаамай даа. Хүйтэний улиралд гадаа хоноход хүнд, өглөө сэрэхэд амьд байгаа даа баярладаг гэж өгүүлэх нь зүрх шимшрүүлмээр. Бодит  байдалд одоо хүртэл итгээгүй тэрээр эхнэр охиноо нэг л өдөр ирнэ гэдэгт итгэдэг гэнэ. Тэд ирэх болноо, явах ямар нэгэн шалтгаан байсан л байж таараа, тэд надад хайртай хэмээн нулимастай нүдээр өгүүлэх түүний зүрх ариуханаас ариухан.

                Сүмийн хонх жингэнэн зул сарын үдэш золбоотой байлаа. Шинэхэн танилцсан найзтайгаа салах ёс хийгээд гэрийн зүг алхахдаа нэгэн хүсэл шивнэсэн юм: Хугогийн эхнэр болон охин нь түүний хэлсэн ёсоор ирээсэй, хүмүүний зүрх сэтгэл бас түүнийх шиг гэм буруугүй цайлган байгаасай.
                                                                                                                                                         Нийтлэл бичсэн: Н.Цэрэнханд
Франц улс, 2012 он 12-р сарын 24.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()