АЛТАН ҮЕИЙН СОР БОЛСОН КИНОНУУД HD ФОРМАТААР

2012-05-17, 17:10
13,807

Монгол улсын засгийн газраас баталсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах” төслийг Архивын Ерөнхий Газар болон “ЮНИТЕЛ” группын “ЮНИВИШН” компаниуд хамтран санаачилж, хэрэгжүүлэхээр боллоо.

АЛТАН ҮЕИЙН СОР БОЛСОН КИНОНУУД HD ФОРМАТААР

 

 

Улсын архивын санд хадгалагдаж буй монгол киноны сан хөмрөгийг сэргээн, тоон хэлбэрт оруулах ажлыг хамтран хэрэгжүүлэх дээрх байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол өчигдөр Архивын Ерөнхий Газарт болсон юм.

Төслийн хүрээнд 182 уран сайхны кино, 873 баримтат киноны дуу болон дүрсийг сэргээж өндөр нягтралын HD формат руу хөрвүүлэх юм.

Технологийн дэвшил болсон IPTV үйлчилгээгээр дамжуулан үзэгч олонд соёл, боловсролыг түгээж байдаг Юнивишн компани зөвхөн бизнес чиглэлээр үйл ажиллагаагаа хязгаарлалгүй, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд дээрх төсөлд дөрвөн зуу гаруй сая төгрөгийн санхүүжилт хийж хуучны хальсан дээр хийгдсэн киноны дуу болон дүрсийг сэргээж, өндөр нягтралын HD формат руу хөрвүүлэгч төхөөрөмжийг Архивын Ерөнхий Газарт хандивлаж байгаа юм. Мөн тус төхөөрөмжийг хариуцан ажиллах архивын хоёр ажилтныг Герман улсад сургаж дадлагажуулах ажлыг зуун хувь хариуцжээ.

Хамгийн анхны сэргээх киногоор “Мандухай сэцэн хатан” кино сонгогдсон бөгөөд энэ ондоо багтаан үзэгчдийн хүртээл болох аж. Цаашлаад сэргээгдэх киноны жагсаалт “Цогт тайж”, “Сэрэлт”, “Шороотын Цэвээн”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Тунгалаг тамир”, “Үер”, “Ацаг шүдний зөрөө”, “Гэрлэж амжаагүй явна”, “Аман хуур”, “Алтан өргөө”, “Хүний мөр”, “Бушхүүгийн үлгэр” гэх зэрэг шилдэг бүтээлүүдээр үргэлжлэх юм.
Кино урлагийн сор болсон бүтээлүүд та бидний ирээдүй хойч үед чанарын өндөр түвшинд өвлөгдөн үлдэж кино урлагт хайртай үзэгчдийнхээ мэлмийг үеийн үед мялаасаар байх нь ээ.

 

УРЛАГ СОЁЛЫН ҮНЭТ ӨВӨӨРӨӨ БАХАРХАЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ БИШРЭН ХҮНДЭТГЭХ
БИДНИЙ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ







Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.