БАЙР ХОЖСОН ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ТЭГЭЭД ЯАХ ВЭ

2012-03-09, 19:20
12,592

“Юнител” групп, “Хас” банк зэрэг томоохон байгууллагууд хэрэглэгчдээ орон сууцаар урамшуулж байгаа талаарх мэдээлэл гарах болсон. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн, бага дунд орлоготой иргэдийн хувьд тохилог байр мөрөөдөл болсон үед үндэсний компаниудын дээрх урамшлуулалыг нийгмийн хариуцлагаа биелүүлсэн үйлдэл гэж иргэд талархан хүлээж авсан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үйлчлүүлэгчдээсээ азтан шалгаруулж байр өгөхөөр болсон компаниудыг шалгасан гэх мэдээлэл гарах боллоо. Шалгалтаар “Юнител” группын азтанууд байрандаа ороогүйг илрүүлсэн гэх юм.

БАЙР ХОЖСОН ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ТЭГЭЭД ЯАХ ВЭ


“Юнител” группийнхэн өнгөрсөн намар “Таван азтан, таван байр” нэртэй хонжворт сугалааг хэрэглэгчдийнхээ дунд явуулсан. Таван жилийнхээ ойн хүрээнд хэрэгжүүлсэн энэ урамшуулал нь хоёр сар гаруй үргэлжилж, таван үйлчлүүлэгчдээ бүрэн тавилгатай байрны батламж олгож байлаа. Хөдөөнөөс нийслэлд шилжиж ирээд удаагүй бүсгүй, залуу хос, оюутнууд гээд байрны шагнал нүдээ олсонд иргэд талархаж байлаа. Гэтэл тэдгээр азтанууд байртайгаа үлдэх эсэх талаар бид нэхэн сурвалжиллаа.

Тухайн үед азтанаар шалгарч, “Юнител”-ийн удирдлагуудаас байрны батламж гардаж байсан иргэдтэй дахин холбогдсон юм. Азтан Б.Цэнгэлээс яг хэзээ байрандаа орох талаар тодруулахад “Энэ оны сүүлчээр байр маань ашиглалтад орох юм билээ. MSC группын барьж байгаа “Шинэ гэр” залуусын хорооллын зургадугаар байрны дөрөвдүгээр давхар 32 тоотын эзэн болсон. Гэрээгээ байгуулчихаад байраа ашиглалтад орохыг хүлээж байна” гэсэн юм. Харин нөгөө азтан Б.Анхбаяр “Би байрныхаа албан ёсны өмчлөгч болоод гэрээгээ байгуулчихсан. Тиймээс “Юнител”-ийнхэн залилна гэж байхгүй. Байрандаа удахгүй орно гэдэгтээ итгэлтэй байна. Яармагт баригдаж байгаа шинэ хотхоны тавдугаар байрны 37 тоотод орохоор болсон. Миний хувьд аав, ээжтэйгээ амьдардаг” гэлээ.

“Юнител” группээс 2000 төгрөгийн үнэтэй нэгж аваад байрны азтанаар шалгарсан Ч.Батсайханаас байртай үлдэх нь үү, эсвэл компанийн маркетингийн шоунд орчихов уу гэж асуухад “Айгаад байх зүйл алга. Аз дайрсан юм чинь буян дагах нь тодорхой. Тэртэй, тэргүй гэрээгээ байгуулчихсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулаад шинэ байрны эзэмшигч болчихсон байгаа. Ирэх долдугаар сард байрандаа орно.

Манайх Яармагт баригдаж байгаа залуусын хотхоны дөрөвдүгээр давхрын 34 тоотод 30.2 метр.кв байр авч байгаа. 30 гаруй сая төгрөгийн үнэтэй байр юм билээ. Манай хөршөөр миний адил азтан нүүж ирэх юм билээ” гэж байлаа. Мөн Ж.Идэр “Азтан болсныхоо дараа гүйцэтгэгч компанитайгаа гэрээ байгуулчихсан шүү дээ. Яармагт баригдаж байгаа “Шинэ гэр” хотхонд 30.2 метр.кв байр авсан. Эмээ, хоёр дүүтэйгээ амьдардаг бидэнд аз дайрч байртай болсонд байртай байна. Түүнээс байргүй үлдэх нь гэсэн айдас алга. Угаасаа ч “Юнител” найдвартай компани гэдгийг мэдэж байгаа. Аль нэг жижиг компаниас байр авах байсан бол болгоомжлох байсан. Үндэсний компанидаа итгэлгүй яах вэ” гэж байлаа. Тав дахь азтан Н.Оюунцэцэг “Олон сонин, телевизээс холбоо барьж энэ тухай асууж байгаад гайхаж байна. Бид чинь азтан болсон даруйдаа байрныхаа тоот энэ тэрийг тодорхой болгочихсон шүү дээ. Манайх одоо Бэлхэд амьдарч байгаа. Энэ жилдээ багтаад байрандаа орчихно. Та нарын асуусан шиг айгаад байгаа зүйл алга” гэсэн юм. Ямар ч байсан азтанууд байртай үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Азтанууддаа амласан байранд нь хэзээ оруулах талаар “Юнител” группын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэнээс тодруулахад “Шинэ гэр хороолол 2012 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа, тэр хугацаанд нь бид азтангууддаа түлхүүрийг өгөх болно”  гэлээ.

“Юнител”-ийн азтанууд байртай үлдэх эсэх дээр албаны эх сурвалж болон азтанууд ийм хариулт өгч байна. Азтануудад орон сууцны гэрчилгээтэй дүйцэхүйц батламж, гэрээ байгааг харуулж байсан юм. Тэгэхээр байрны урамшууллыг маркетинг хийх арга гэхээсээ илүү нийгмийн хариуцлагаа биелүүлсэн томоохон ажил гэж дүгнэж болохоор байна.

 

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.